Д.Амарбаясгалан: Д.Эрдэнэбилэг гэдэг хүн луйврын бүлэглэлийг бий болгоод…

2023-06-20 Засгийн газар

 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр төрийн өмчийг хувьчилж авсан, концессын гэрээгээр эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд зорилгынхоо үйл ажиллагаа явуулсан уу, хэр хэмжээний хохирол учруулсан бэ, нөхцөл байдал ямар байна вэ зэрэг асуудлыг ярилцав. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал дутуу ярьж байна. Долоон жилийн хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор авсан этгээдүүд яг юу хийснийг та тодорхой ярихгүй байна.

Дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах ёстой төмрийн хүдрийг 50-80 хувийн хямд үнээр борлуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төлөөлж, борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан компаниуд дандаа Худалдаа Хөгжлийн Банкны хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан компаниуд. Эзэмшиж буй орд газраас төмрийн баяжмал борлуулахад хэрэгцээтэй байсан төмөр замыг төрийн мөнгөөр барьсан. Авто замыг төрийн мөнгөөр барьсан.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хууль хяналтын байгууллагын тогтоож өгсөн урьдчилсан дүнгээр 1.2 их наяд төгрөгийн хохирлыг ярьж байна. Гэхдээ Засгийн газрын нэрийн өмнөөс хохирлыг нэг бүрчлэн тооцвол 2.8 их наяд төгрөгийн хохирлыг Монголын ард түмэнд учруулжээ гэдгийг тодорхой ярих ёстой” гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга “Өнгөрсөн цаг хугацаанд Эрдэнэт үйлдвэр дээр эрүү болон иргэний хоёр асуудал яригддаг. Эрүүгийн хэрэгт хуулийн байгууллагаас ЗГХЭГ, Сангийн яам, ХЗДХЯ-ыг хохирогчоор татаж, дөрвөн их наяд төгрөг учирсан гэж ярьдаг. АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Мөн 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ шалгагдаж байна. Анх Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал нарын хүмүүст хэрэг үүсгэн шалгаж байгаад өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарын хэрэгтэй нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Уг хоёр хэргийг нэгтгэснээр мөрдөн шалгах ажиллагаа удаж байна” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Луйврын процесст оролцсон төрийн өмчит үйлдвэрийн газруудын нийт үнэлгээ хэд вэ. Нэг ёсондоо Д.Эрдэнэбилэг гэдэг хүн луйврын бүлэглэлийг бий болгоод Монголын ард түмний нийт хэдэн төгрөгийн хөрөнгийг авах завдал хийсэн бэ” гэж асуув.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авахад 635 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Тухайн үеийн балансыг харж байж тодорхой хэлэх нь зүйтэй байх. Ер нь авсан үнээсээ хэд дахин өр төлбөр үүсгэсэн байгаа. Компани ашигтай ажиллах ёстой байтал өр төлбөрт оруулж, үнэгүйдүүлж байгаад 100 хувь хувийн болгож авах төлөвлөгөөтэй байсан болов уу гэж харахаар байна” гэж хариулав.

Мөн энэ долоо хоногт төрийн өмчит үйлдвэрүүд дээр ажлын хэсэг ажиллах юм байна.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.