Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 5 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 143 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 4 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 91 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлжээ.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
-“Б” нь Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан тушаалтнаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх;
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь гаалийн байгууллагын удирдах албан тушаалтан “О” нь хуульд заасан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
-Монгол-Оросын хамтарсан III сургуулийн удирдах албан тушаалтан “С” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
-Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;
-“Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
-“Мал эмнэлгийн сорил, баталгаажуулалтын улсын лаборатори” ТӨААТҮГ-ын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх.
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.