Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Хадын булаг” багийн “Уртын цагаан” гэдэг газар дөрөвдүгээр сарын 08-нд гарсан хээрийн түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр буюу өчигдөр Дорнод аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Үнсний хонхор гэдэг газар, Чулуунхороот сумын Цагаанчулуут багийн “Тарган-Ухаа” гэдэг газруудад гарсан хоёр түймрийг бүрэн унтраасан.
Түүнчлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын “Хөх нуурын 8 хашаатын хоолой”, Гурванзагал сумын Рашаант багийн “Хужирт” гэх газруудад гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраасан.
Гэсэн хэдий ч өнөөдрийн 14:55 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Далай булаг”, 16:43 цагт Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Эрээн дэс” гэх газруудад дахин түймэр гарсан дуудлага ирсэн тул түймрийг унтраахаар алба хаагчид голомт руу хөдөлжээ.
Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, тэр дундаа зүүн аймгуудад хуурайшилт ихтэй, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж, алба хаагчид түймрээс түймрийн дуудлагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Түймэр гарах шалтгаан нөхцөл нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас үүдэж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:
-Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
-Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
-Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
-Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.