Д.Мөнх-Эрдэнэд 3 жил 10 сарын хорих ял оноов

2023-04-6 Мэдээ, мэдээлэл

 

Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал өнөөдөр  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гурав дахь өдрөө үргэлжлэн шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэлээ.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн:

22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан,
22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бүлэглэж хахууль өгөх,
23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн,
13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оноосон байна.

Дашрамд дуулгахад, түүний нийт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор болжээ.

Шүүгдэгч нь шийдэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй аж.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.