Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улсын бүртгэлийн ерөнхий газар 3.4 сая иргэн, 1.1 сая үл хөдлөх хөрөнгө, 218,000 хуулийн этгээд, 150 сая цаасан эх нотлох баримт, 110 ТВ цахим мэдээллийн өгөгдөл дээр ажилладаг. Тус байгууллага дээр 42 төрлийн систем, 37 төрлийн мэдээллийн сан, сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгддэг 2,100 гаруй хаалттай файлын сан хэрэглэдэг. Төр өөрт байгаа мэдээллээ иргэдээс шаардахгүй байх үүднээс иргэд өөрсдийнхөө мэдээлэлтэй танилцах боломжоор хангагдсан. Тухайлбал, e-Mongolia систем дээр 90 гаруй үйлчилгээг цахимжуулаад байна.
1988 онд ХААТР буюу Хүн амын автоматжуулсан төв регистр нэвтрүүлснээс хойш регистрийн дугаарыг хэрэглэж ирсэн. Энэ регистрийн дугаар нь хөгжлийн явцад зарим дутагдалтай тал гарч ирж байгаа учир иргэн төрмөгц давтагдахгүй, өөрчлөгдөж солигдохгүй бүртгэлийн 12 оронтой дугаар олгож байгаа. Түүнчлэн тоон гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж, өнгөрсөн сарын байдлаар 600 гаруй мянган иргэнд тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагаас олгоод байна” гэв.
Сүүлийн үед зохион байгуулагдсан сонгуулиудад иргэд өөрийн мэдээлэлтэйгээ танилцах боломжоор хангагдсан. Тухайлбал, тухайн иргэн өөрийн хаяг дээр оршин суугаа бусад хүмүүсийн мэдээлэлтэй танилцдаг болжээ. Үүнтэй холбоотой гарсан зөрчил, маргааныг улсын бүртгэлийн байгууллагад хандан шийдүүлэх, шалгуулах бололцоогоор хангагдсан байна.
Улсын бүртгэлийн газраас сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх процесс болгон дээр нягтлан шалгах үйлдэл хийгддэг байна. Улсын бүртгэлийн байгууллагын “burtgel.gov.mn” цахим хаягт өөрийн мэдээллийг шалгах цонхыг 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс ажиллуулжээ.
Өнөөдрийн байдлаар нийт 205,588 иргэн мэдээллээ шалгаснаас 95.1 хувь нь зөрчилгүй, мэдээлэл шалгуулах хүсэлт гаргасан 9,904 иргэний мэдээллийг шалгахад зөрчилгүй 952, шалгаж шийдвэрлэсэн 1,866, тухайн иргэн өөрөө хууль тогтоомжийн дагуу шилжилт хөдөлгөөний бүртгэлээр шийдвэрлүүлэх 5,716, шалгагдаж байгаа 1,370 хүсэлт байгааг мэдээллээ.