Б.Баасанцогтод холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзав

2023-04-6 Мэдээ, мэдээлэл

 

Улсын Дээд Шүүх(УДШ)-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр боллоо.

Хуралдаанаар иргэн Э.Одбаяр, Ц.Чинбат, Б.Билгүүн, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл нарт холбогдох хэргийг Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн нэг дэх заалтад заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэн дээрх шийдвэрийг гаргаснаар Давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэв.

Түүнчлэн УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг мөн өчигдөр хэлэлцсэн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна хэмээн Улсын Дээд Шүүхээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.