Нэгдүгээр улирлын НӨАТ-ын баримтаа 8-ны дотор бүртгүүлнэ үү

2023-04-3 Мэдээ, мэдээлэл


Нэмэгдсэн өртгийн албан татварын энэ оны нэгдүгээр улирлын төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн, буцаан олголтын урамшуулал авах боломжтой. Тухайлбал, иргэд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-ний худалдан авалтын баримтаа “Ebarimt” системд бүртгүүлж, буцаан олголт авна гэсэн үг юм.

Өнгөрсөн 2020 оноос эхлээд НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог болсон.

2022 оны дөрөвдүгээр улирлын худалдан авалтаар нэг сая 124 мянга 564 иргэнд 66,4 тэрбум төгрөг буцаан олгохоор байгааг мэдээлж байв. Харин энэ удаагийн мэдээлэл дөрөвдүгээр сарын 8-наас хойш тодорхой болох аж.

“Ebarimt” системд бүртгүүлсэн мэдээлэл НӨАТ-ын тухай хуулийн 5.1 дэх заалтыг хангасан эсэхийг Татварын албанаас хянаж дуусаад, ажлын хоёр хоногт багтаан Сангийн яам руу шилжүүлэх журамтай байдаг. Сангийн яамнаас Төрийн сангийн буцаан олголтын тусгай данс руу ажлын 20 хоногт багтаан санхүүжилтийг өгдөг. Үүний дараа Төрийн сан ажлын гурав хоногт иргэдийн данс руу шилжүүлэх юм.

Албан татвар төлөгчид буцаан олголт олгохгүй байх нөхцөл:

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй.

Мөн албан татвар төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг олгох явцад тухайн татвар төлөгчийн нэгдсэн системд бүртгүүлсэн баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгохгүй байхаар тусгажээ.

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.