Солонгосын виз мэдүүлгийн төвүүдийн ачаалал ихэсч, цаг захиалга дуусчээ

2023-03-30 Мэдээ, мэдээлэл

Тус улс руу зорчих визийн мэдүүлгийг зөвхөн дараах 10 төвд авч байгаа аж. Тус төвүүдэд үйлчилгээний хураамж авдаг бөгөөд өөр нэмэлт зардал огт шаарддаггүй байна.

Өмнөд Солонгос улсад ажиллаж, амьдрах, сурах хүсэл сонирхолтой монгол иргэд их бий. Мөн сүүлийн үед гарч буй зарим мэдээлэлтэй холбоотойгоор тус улсын виз гаргаж өгнө гэх залилан ихэссэн байна. Тиймээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас анхааруулга гаргаж, зөвхөн албан ёсны виз мэдүүлгийн төвд иргэдийг хандаж, үйлчлүүлэхийг зөвлөсөн. Тэгвэл энэ долоо хоногоос виз мэдүүлгийн төвүүдийн ачаалал ихэсч, зарим төвийн цаг захиалга ирэх сарыг дуустал дүүрсэн байна. БНСУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр “Монголд хууль бусаар виз зуучлагчид өмнөд Солонгос руу явах болон хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдэд виз гаргаж өгнө гэх нэрийдлээр хүн тус бүрээс 10 сая төгрөгөөс дээш мөнгө авч залилах хэрэг маш их гарч байна.

Ингэхдээ виз богино хугацаанд гаргаж өгөх учир ЭСЯ-ны ажилтнуудад ч мөнгө өг гэж хэлээд хахуулийн мөнгө шаардаж байгаа мэдээллүүд ирэх боллоо.

БНСУ-ын Монгол Улс дахь ЭСЯ виз мэдүүлэгч болон залилан хийж байгаа этгээдүүдийн хэнээс ч мөнгө авсан хэрэг гараагүй болно. Мөн ЭСЯ ямар ч визний хураамж авдаггүй бөгөөд шаарддаггүй болохыг мэдэгдэж байна. Тиймээс худал мэдээлэлд итгэж цаг хугацаа, мөнгөөр хохирохгүй байхыг анхааруулж байна” гэсэн юм.

ӨНГӨРСӨН ЕСДҮГЭЭР САРД ВИЗИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

БНСУ-ын богино болон олон удаагийн мульт виз мэдүүлэх нөхцөлд өнгөрсөн оны есдүгээр сард өөрчлөлт орсон. Тодруулбал, олон удаагийн визний нөхцөлийн тухайд БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх. Мөн сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт), БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцөлийг хүчингүй болгожээ. Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөн визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ.

Үүнээс гадна:

-Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
-БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
-10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,
-БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, -БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,
-БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг ЭНД  дарж харна уу.

Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болгосон байна.

Тухайлбал, аж ахуйн нэгжийн захирал байгууллагын татварын тодорхойлолт (нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400 мянган төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон зургаан сараас дээш ажилласан байх)

-Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин нэг сая төгрөгөөс дээш байх)

Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөрдөх хугацааны хувьд шууд хэрэгжүүлнэ гэжээ. Өмнөх журмын олон удаагийн визний “БНСУ-д зорчиж байсан иргэн” нөхцлийн “Сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн”-д хамрагдаж буй мэдүүлэгчид 2022 оны есдүгээр сарын 09-ны өдөр хүртэл мэдүүлэх боломжтой аж. Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой юм байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.