Ази, Номхон далайн бүсийн Жембори Улаанбаатар хотод болно

2017-06-15 Мэдээ, мэдээлэл

Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жемборид шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо. Дөрвөн жил тутам зохион байгуулдаг Жембори нь скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхогч 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт юм. Манай улс 2012 онд Бангладеш Улсад болсон Бүсийн их хурлаас 31 дүгээр Жембориг зохион байгуулах эрхээ авсан байна.

Ирэх сарын 27-ноос наймдугаар сарын хоёрны өдрүүдэд “Найрамдал” цогцолборт болох Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай 4000 орчим хүүхэд, 1600 орчим насанд хүрэгч, сайн дурынхан оролцох юм.

Жемборийн үеэр үндэсний онцлог, нүүдэлчин соёл, ахуйг харуулсан хөтөлбөр, хүүхэд, залуучуудын адал явдалт уралдаан, тэмцээн, урлаг, соёлын арга хэмжээ болохоос гадна хүүхдүүд харилцан мэдээлэл, туршлагаа солилцож, анд нөхөд болно.

М.Цагаан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.