ЭМЯ: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

2023-03-20 Мэдээ мэдээлэл

Иргэдийн дунд зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны явцад цугларсан мэдээллийг нэгтгэн судлах үүрэг бүхий судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ЭМЯ өндөр хүчин чадал бүхий суурин компьютерээр хангах ажлыг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байна.  Энэ хүрээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч доктор Сокорро Эскаланте нар судалгааны багийнханд нэн шаардлагатай компьютер тоног төхөөрөмжийг энэ сарын 17-нд гардуулан өглөө.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050” болон Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Иргэн бүрийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд тогтмол хамрагддаг болгож хэвшүүлэх” гэж заасныг хэрэгжүүлэхээр хүн амыг зургаан насны бүлгийн багцын дагуу эрт  илрүүлэг, үзлэгт хамруулах ажил өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн. Жил орчим үргэлжилж буй эрт илрүүлэгт энэ оны гуравдугаар сарын 9-нийг хүртэл нийтдээ 885,761 хүн хамрагдсаны 63.7 хувь буюу 564,025 нь 17 хүртэлх насны хүүхэд байна.

Эрт илрүүлэг үзлэгийн явцад их хэмжээний мэдээлэл цугларч, их өгөгдөл үүсэж буй тул Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/498 дугаар тушаалаар долоон баг бүхий “Эрт илрүүлгийн мэдээний санг ашиглан халдварт болон халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн судалгааг удирдан зохион байгуулах” ажлын багийг бүрэлдэхүүнийг баталсан.

Судалгааны багууд эхний ээлжинд өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 2-ныг хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээллийг нэгтгэн ажиллаж, урьдчилсан үр дүнгээ гаргаад байгаа. Эдгээр судалгааны багийн гаргасан дүн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлогоо тодорхойлох, иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, эрүүл мэндийн боловсролыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг явуулахад чухал ач холбогдолтой юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.