УБТЗ-ын удирдлагууд ажилчиддаа бэлгийн дарамт үзүүлдэг хэмээн мэдэгдлээ

2023-03-10 Мэдээ, мэдээлэл


Төмөр замын ажилчид ажил хаялт зарлахаар болсноо өнөөдөр мэдэгдлээ.

Ажилчдын хэлж байгаагаар цалингаас гадна дээд албан тушаалтнууд нь ажилчдадаа бэлгийн дарамт үзүүлж шөнө, орой дуудах, бэлэг эрхтнийхээ зургийг явуулах, хувцас солих өрөөнд хяналтын камер байршуулдаг гэнэ. Иймээс энэхүү ноцтой асуудлуудыг шийдвэрлэж хариуцлага тооцохыг холбогдох дээд байгууллагуудад удаа дараа хүсэлт гаргаж байсан ч шийдвэрлээгүй байна.

Энэ талаар МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа “Бидний зүгээс 2023.01.12-нд Ерөнхий сайдад хаяглан 5 зүйл санал, 2023.01.16-нд Зам Тээврийн Яамны сайдад хаяглан 6 зүйл шаардлага хүргүүлсний дараа 2023.02.07-нд Ерөнхий сайдад 3 зүйл хугацаатай шаардлага хүргүүлсэн боловч өнөөг хүртэл үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх идэвхтэй шахалт, санаачилга харагдахгүй байгаа учир өнөөдрийн хэвлэлийн бага хурлаараа дараах шалтгаануудаар Үйлдвэрчний байгууллагад хуулиар олгогдсон эрхийн дагуу Хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх болсныг мэдэгдэж байна.

Шалтгаан нэг. Ажил олгогчийн зүгээс Хамтын гэрээний амин сүнс болсон цалин хөлсний системийн шинэчлэлийн асуудлыг 2021 оноос эхлэн удаа дараа хойшлуулж, Хамтын гэрээний зарим заалтуудыг шинэчилж өөрчлөх, зүйл заалт нэмж оруулахаас зайлсхийж хэлэлцээрийг зогсонги байдалд оруулж байна.

Жишээлбэл: Хөдөлмөрийн хуулийн нэгдүгээр бүлгийн 6 болон 7 дугаар зүйлүүдээс нэмж тусгах, ХНН “УБТЗ” болон МТЗ-чдын ҮЭ-ийн Холбооны Хамтын гэрээний 6.4 заалтаас тасралтгүй гэсэн үгийг хасах.

Шалтгаан хоёр. УБТЗ-ын өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох байдал сул, ажлын байрны болон бэлгийн дарамтын асуудлуудыг авч хэлэлцэж буй хандлага нь буруу байна.

Жишээ нь: Ес зүйн хороогоор хэлэлцүүлсэн болоод хариуцлагаас займчуулдаг. Хариуцлагын арга хэмжээ нь гаргасан алдаа дутагдалтай нь нийцэхгүй байх.

Шалтгаан гурав. “УБТЗ” ХНН-ийн Засаглалыг хариуцсан Ерөнхий Хорооны Монголын талын тэргүүн нь хувь нийлүүлэгчийн бүрэн эрхт төлөөлөгч байхын зэрэгцээ шийдвэр гаргах түвшний, хариуцлагаас бултах боломжгүй төрийн төлөөлөл байх шаардлагатайн зэрэгцээ гишүүд нь ч асуудал хариуцах чадвартай, ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой, үүнээс үүдэн эд хөрөнгө шамшигдуулсан, албан тушаалын нөлөөгөө ашигласан гэмт хэргүүд ч гарч болзошгүй байгааг шалгуулах шаардлагатай байна.

Жишээ нь: Олон жилийн өмнөх өмч хөрөнгө шамшигдуулсан, зарж борлуулсан байж болзошгүй асуудлуудыг хариуцлагаас зайлуулах, олон сая төгрөгийн мөнгөн дүнтэй шагнал нэрийн доорх авлига, хээл хахуулийн хэргийг мартагнуулж хугацаа хожих, ажилтнуудын амьдрах нөхцөлд дарамт учруулж үл ойлголцол үүсгэсэн асуудлууд дээр арга хэмжээ авалгүй он удаан жилээр хохироосон зэрэг болно” хэмээн хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.