3 настай хүүг зодсон гэх сэжигтэн өмнө нь залилах гэмт хэргээр торгуулж байжээ

2023-03-10 Мэдээ, мэдээлэл


Гурван настай хүүхдийг зодож, гэмтээгээд эмнэлэгт хүргээд зугтсан этгээдийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч ажээ. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогджээ.

Түүнийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна.

11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.