Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гараад байна

2017-06-15 Монгол уламжлал
Зураг

Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний Их баяр наадмаар зодоглох хүчит бөхчүүд сарын өмнөөс аймаг, дэвжээгээр гал болон гарч бэлтгэл сургуулилтаа базаадаг уламжлалтай.

Энэ жилийн наадамд барилдах хүчтэнүүдийн  бөхийн галууд бэлтгэлээ хаана базааж байгаа талаар сонирхуулж байна. Тухайлбал, Булган аймгийн “Булган хан” дэвжээ энэ сарын 3-нд нутагтаа бэлтгэлд гарчээ. Тус галыг улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нар ахалж байгаа юм. Энэ галд улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар бэлтгэлээ базааж буй сурагтай.

Увс аймгийн бөхчүүдийн “Увс нуур” гал “Харзтай”-д энэ сарын 9-нөөс бэлтгэлдээ гарсан байна. Увс аймгийн галд Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40 орчим бөх бэлтгэлээ базааж байгаа аж. Энэ жил “Увс нуур” галын дасгалжуулагч багшаар улсын заан Д.Бумбаяр ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээнийхэн Бугын сангийн аж ахуйд энэ сарын 12-ноос бэлтгэлдээ гарсан бөгөөд энд Баянхонгор, Өмнөговь, “Хилчин” спорт хорооны бөхчүүд бэлтгэлээ базаадаг уламжлалтай.

Сэлэнгэ аймгийн “Таван Хан” дэвжээний 30 гаруй бөх өнөөдрөөс “Харзтай”-д наадмын бэлтгэлдээ гарч байгаа сурагтай.  Говь-Алтай аймгйин бөхчүүд “Мандал” амралтанд бэлтгэлээ базааж эхэлсэн байна.

Хэнтий аймгийн бөхчүүдийн улсын начин Д.Одхүүгийн удирдлага дор “Өндөр дэнж” хэмээх газар наадмын бэлтгэлээ базааж эхэлжээ.

Д.Өлзий

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.