Х.Нямбаатар: Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарыг нэмж яллагдагчаар татна

2023-03-7 Засгийн газар

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ерөнхий сайдын албан даалгаврын дагуу мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Энэ дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа оргон зайлсан 7 хүн бий. Өнөөдөр мөн 2 хүн нэмэгдэх байх. Иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар яллагдагчаар татахаас өмнө гадагшаа гарч явсан. Үүнийг оргон зайлсан гэж хэлэх бас боломжгүй. Бид АТГ-ын удирдлагуудтай хэлэлцээд, дээрх хоёр хүнийг яллагдагчаар татах саналыг өнөөдөр Нийслэлийн прокурорын газар хүргүүлж байгаа.

Яллагдагчаар татах тогтоолыг баталсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулна.

Улмаар нийт 92 хүнийг эрэн сурвалжилж, гаднын улсаас эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулна. Эдгээр хүмүүст авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Учир нь хилээр гарах эрхийг нь хассан байхад  гадны улс руу зорчоод байгаа нь таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байгаатай холбоотой. Тиймээс эдгээр хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох мөрдөгчийн саналаар арга хэмжээ авах боломж байгаа эсэх тухай бичгийн УЕП-т хүргүүлж байгаа. Түүнчлэн Монгол Улс нийт 23 улстай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээтэй. Эдгээр улсаас эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай хүсэлт явуулна. Түүнчлэн эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс 22-ыг нь улаан булантад зарлуулсан байгаа. Харин үлдсэн хүмүүсийг нь хөх булантад зарлуулсан.

Оргон зайлсан хүмүүс дотор Монгол Улсын Ерөнхий Сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс бий. Мөн Н.Удаанжаргал, Т.Бадамжунай, Замын Үүдийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Үржинбадам зэрэг хүмүүс АТГ-д эрүүгийн хэрэг үүрсгэгдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан. Мөн С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Данель зэрэг хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан.

Бид дипломат харилцааны шугамаар, гадаадын улс орнуудтай хамтран ажиллах замаар эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулна. Гадаад улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа зөвхөн ЭСЯ-нд тухайн хүмүүсийг асууж, тодруулах ажлыг зохион байгуулна. Дайчлан баривчлах зэрэг ажиллагааг зохион байгуулах эрх зүйн боломжгүй. Ажлын төлөвлөгөө гаргасан байгаа” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.