Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

2023-03-6 Мэдээ, мэдээлэл

 

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна.

“Шинэ толь” хэмээх бичиг сонины анхны дугаарыг 1913 оны 3 дугаар сарын 6-нд гаргаж байсан түүхтэй.

Улмаар Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж байна.

Тэртээ 110 жилийн өмнө гадаад Монголын нийслэл Хүрээнд “Шинэ толь” хэмээх сонин бичиг гарч эхэлсэн нь тухайн үеийн соёлын том хувьсгал байв.

Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан Буриадын их номын хүн Жамсрангийн Цэвээн Монголын анхны сонин “Шинэ толь”-ийг 1913 оны 3 дугаар сарын 6-нд эрхлэн гаргасан юм.

Тэрбээр 1909 оноос эхлэн Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байв.

Ж.Цэвээн нь 1915 оны 9 дүгээр сараас “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхэлжээ. Тэрээр Ардын хувьсгалын дараа О.Жамьянгийн хамт шинэ Монгол Улсын шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэнг 1922 онд байгуулалцаж байв.

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жил, Төмөр замчид, тээвэрчдийн хэвлэл “Ган зам” сонины 65 жилийн ойн баярын хурал “Ган зам” паласт болох юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.