Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон 79 хүнд хилийн хориг тавьж, нэг хүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

2023-03-2 Мэдээ, мэдээлэл

 

Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр болов.

Шүүх хуралдаан Нийслэлийн Прокурорын газраас Б.Батбаяр нарын нэр бүхий 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шийдвэрлэхээр эхэлсэн боловч

-Шүүгдэгч Х.Ганхуяг, Н.Баярчимэг нар нь гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа,
-Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх, шүүгдэгч Д.Цогтбаатарын өмгөөлөгч Г.Ганбадрах, шүүгдэгч -О.Хуягцогтын өмгөөлөгч А.Золжаргал нарын зүгээс өөр шүүх хуралдаан давхацсан,
-Шүүгдэгч О.Батбаатарын өмгөөлөгч Г.Гансүх хичээлтэй байгаа гэх,
-Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Даваажанцан эрүүл мэндийн шалтгааны улмаас,
-Шүүгдэгч Б.Чинзориг өмгөөлөгч сонгон авах хүсэлтэй тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг харгалзан үзэж шүүх хуралдааныг дөрөвдүгээр сарын 17-ны 08:30 цаг хүртэл хойшлуулжээ.

Уг шүүх хуралдаан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Б.Баттөр, Б.Даажамба, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Ж.Үхэртар, Т.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Т.Оюунчимэг, Д.Уянга, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, О.Хуягцогт, Г.Гантогтох, Х.Баттулга, Ц.Баярсайхан, Л.Аззаяа, Б.Цэрэндаваа, Ё.Доржсумьяа, Ц.Цэвэгмэд, Ё.Баатарбилэг, Ц.Билгүүн, Г.Байгалмаа, Г.Санжмятав, Г.Цолмон, Ж.Бат-Эрдэнэ, Н.Алтанхуяг, Л.Ням-Очир, М.Золжаргал, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Б.Батзаяа, Н.Баярчимэг нарын 32 шүүгдэгчийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлан, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авчээ.

Мөн 40 шүүгдэгчид урьд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, зургаан шүүгдэгчийг хилээр гарахыг хязгаарлаж, тодорхой нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байна.

Нэг шүүгдэгчийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан. Нэг шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсныг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээс гаргасан зарим хэсгийг хаалттай явуулахаар тогтоосон бөгөөд шүүх хуралдаанд дуудан оролцуулах гэрч, шинжээчийн талаарх асуудлыг хэргийн оролцогчдын хүсэлтээр шийдвэрлэсэн байна.

Шүүх байгууллагаас “Шүүх дээр хянагдаж байгаа энэ хэргийн асуудлаар зарим улс төрийн хүчний зүгээс тухайн хэргийн шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай байдлаар явуулж шүүгдэгчдэд ял завшуулах, эсхүл хэлмэгдүүлэх гэж байна гэх агуулга бүхий улс төржсөн мэдэгдэл гаргасан явдлыг хариуцлагатайгаар няцааж байна.

Учир нь шүүх хуралдаан бүхэлдээ хаалттай горимоор явагдахгүй бөгөөд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэхээс бусад үед шүүх хуралдаан нээлттэй явагдах юм” хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх 

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.