С.Эрдэнэ: Л.Гантөмөр нарыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрлийн гэсэн гоё нэр зүйчихээд хүчирхийлэл явуулж байна

2023-02-16 Нам хөдөлгөөний амьдрал

АН-ынхан хэдхэн хоногийн шинэ даргаа сонгоод, Улсын дээд шүүхээс энэ сарын 9-ний өдөр Л.Гантөмөрийг бүртгэсэн. Гэтэл өнөөдөр С.Эрдэнэ, Д.Ганбат нар уг шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж мэдээллээ.

АН-ын дарга асан С.Эрдэнэ “Ардчиллын нэр хүндийг унагаасан үйл ажиллагаа явуулсан хэсэг бүлэг нөхдийг бид эрс буруушааж байна. АН-ыг худалдаж, эрх баригчдын гар хөл болох замаар асуудлыг шийдэх гэж буй нөхдүүдтэй эвлэрэхгүй. Хэзээ ч нэг туган дор байж чадахгүй. Бид эвлэрлийн эсрэг яваагүй. Улсын дээд шүүх хаанаас хэн гэдэг өөрсдийгөө АН гэж нэрлэх ямар эрх зүйн үндэслэлтэй хүмүүсийг бүртгэх асуудлыг хууль бусаар шийдсэнд бид харамсч байна. Маргаантай байгаа асуудлыг шалгуулна. 200 мянган гишүүнтэй АН-ыг хэдэн нөхдүүд дээрэмдээд авчихдаггүй юм. Өөрсдийгөө дээд шүүх гэж нэрлэсэн нөхөд луйварчдад эрх мэдлийг аваачаад өгчихдөггүй юм. Хууль ёсны тамга тэмдэг хүчин төгөлдөр явж байна. Хүчирхийллийн аргаар АН-ын эрх мэдлийг булааж авах гэсэн явдлыг таслан зогсоох болно. Эвлэрлийн гэсэн гоё нэр зүйчихээд хүчирхийлэл явуулж байгаа хүмүүстэй ойлголцоход хүнд. Бид ямар ч байсан энэ сарын 18-нд хуралдах ҮБХ-ны шийдвэрийг харна. Бид дүрмийн дагуу хуулийн дагуу асуудлыг шийдэх болно” гэв.

Харин АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат “Эрх баригчдын манай намын зарим нэг нөхдийн явуулж буй үйл ажиллагаа нь хүмүүсийг сонголтгүй болгох ажиллагаа юм. Хойд хөршийн бодлогыг хуулбарлаж байна. Ардчилсан 30 жилийн ололт, Үндсэн хуулийн эсрэг явж байна. Хууль, дүрмээ барихгүй байна. АН дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн. Үүний өмнө, УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль явагдсан. Эрх баригчид хэдхэн хүнтэй нийлж, хариуцлага хүлээхгүйн тулд ёс суртахуунгүй зүйл хийх гэж байна. Энэ нөхөдтэй нийлж АН-ын нэрийг зүүсэн хүмүүс бол коммунист, фашистууд. Бид бол ардчилагчид учраас ийм зүйл хийхгүй. Хувийн эрх ашгаа бодсон хүмүүсийн эрх ашиг улам даамжирлаа. Улам сөрөг хүчингүй болгох гэж байна. Үндсэн хууль байхгүй болж байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.