Бүтээгдэхүүн хуваах гэрээний хэрэгжилт ямар байна вэ?

2023-02-16 Байгаль орчин

2014 онд Газрын тосны тухай хуульд томоохон концепцийн өөрчлөлт орж “уламжлалт бус газрын тос” гэдэг шинэ ойлголт бий болсон. Битум, шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занараас гадна нүүрсний давхаргын метан нь уламжлалт бус газрын тосонд багтдаг. Түүнчлэн хуульд Эрлийн гэрээ байгуулан цаашид хөрөнгө оруулж метан хийн салбарыг хөгжүүлэх боломжтой төслүүд Бүтээгдэхүүн хуваах гэрээнд (БХГ) шилждэг болсон юм. БХГ байгуулсан компаниуд эрэл, хайгуулын ажлаа маш эрчимтэй явуулах боломж бүрдсэнийг метан хийн салбарт гарсан нэг дэвшил гэж хэлж болно. Одоогоор метан хийн чиглэлээр Засгийн газар зургаан талбайд 4 компанитай БХГ байгуулаад байгаа бөгөөд 2 компани нь эрлийн шатнаас БХГ байгуулах шат руу оржээ. Компаниуд хайгуулын ажлаа хийж, хөрөнгөө гаргасаар байгаа ч орон нутагтай харилцана гэдэг хүндхэн асуудал хэвээр байна.

Метан хийн өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулахыг нь орон нутгийн удирдлага зөвшөөрчихөөд байхад иргэний нийгмийн хөдөлгөөнүүд очоод ажлыг нь зогсоочихдог жишээ Монголд бий. Метан хийн хайгуулын ажил явагдаж байхад орон нутгийн удирдлагуудыг хардаж сэрдэх, янз бүрийн асуудалд гүтгэх тохиолдол их гардаг.

Газрын тосны тухай хуульд БХГэрээн дээр Засгийн газрыг төлөөлөх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газар хүлээсэн байдаг бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлд орон нутгийн удирдлагууд энэ ажлаа орон нутагтаа зохион байгуулах үүрэгтэй. АМГТГ-ын хувьд метан хийн салбарт төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлж байна. Ямартаа ч орон нутаг буюу сум, багийн удирдлагууд Газрын тосны тухай хуульд заасан “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын бүрэн эрх”-ийнхээ хүрээнд ажил үүргээ гүйцэтгэж байгааг онцлон дурдая. Тэгэхээр нүүрсний давхаргын метан хийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд, тэдний  төслүүдийг дэмжих тал дээр нутгийн иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, оролцоог нь хангах шаардлагатай.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай дөрөвдүгээр бүлэгт “Олон нийтийн оролцооны тухай” гэж бий. Аливаа төсөл эхлэхийн өмнө тухайн аж ахуйн нэгж Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагаар хийлгэдэг. Үнэлгээгээ хийж дуусаад тайлангаа тус төслийн нөлөөллийн бүсийн багийн иргэдэд танилцуулан санал зөвлөмжийг нь авдаг. Тухайн үнэлгээ хийж байгаа компани мэдээж хэрэг орон нутгийн байгаль, нутгийн онцлогийг ард иргэдээс нь илүү сайн мэднэ гэж байхгүй. Харин тайланд орхигдуулсан зүйл байгаа эсэхийг нутгийн иргэдээс тодруулж, тайландаа сайжруулж оруулж байх учиртай. Иргэд үүнийг газрын зөвшөөрөл олголоо гэж буруу ташаа ойлгон төслийн ажлыг гацаах эрсдэл гарсаар байгаа юм. Төр, засгийн зүгээс метан хийн салбараа хөгжүүлэх томоохон бодлого шийдвэр гарган хэрэгжүүлж, Газрын тосны тухай хууль, БХГ гэх зэрэг хууль эрх зүйн зохицуулалтуудыг хийсээр байхад орон нутгийнхан, тэр дундаа иргэд малчдын нэр барьсан иргэний хөдөлгөөнийхөн төслүүдийг зогсоож гацаадаг байх нь сайн жишиг биш юм.

Эх сурвалж: Эрдэс баялагийн тойм

 

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.