-“Говь” компани улсад жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг-
“Говь” ХК-ийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар 20.45-д хүлээн авчээ. Нийслэлийн гал унтраах бүх ангийнхан ажилласан байна. Одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд галыг 05.00 цагийн үед холбогдох албаныхан зогсоожээ.
Тухайн үед галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажилласан байна. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчилжээ. Энэхүү ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү нар ахлан ажиллаж байна.
Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллажээ.
Богино хугацаанд, маш хурднаар тэлсэн галын тархалт, эрчимтэй нэмэгдэж буй шатлагын эрчийг бууруулахын тулд гал сөнөөгчдөд ус их хэмжээгээр шаардагдсан. Иймээс Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын газрын нийт 12 машин галын объекттой хамгийн ойр Моносын худаг, 100 айлын худаг, “Апу” компанийн үйлдвэр болон бусад усны гедратуруудаас тасралтгүй ус зөөж, галын объектод 12 минут тутамд зургаан тонн ус зөөж байсан байна. Гэсэн хэдий ч усны эрэлт их хэвээр байсан учир 03.30 цагийн орчимд Улаанбаатар төмөр зам ТӨХК-ийн гал унтраах алба галт тэргээр 68 тонн усыг ойртуулж, нэмэлтээр тээвэрлэн авчирсан аж. Эндээсээ онцгойгийн болон бусад усны машинууд галын голомт руу ус зөөжээ. Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж ийнхүү галын эрчийг унтрааж чадсан байна.
Манай сурвалжлах багийнхан өглөө 06:30 цагийн үед тус үйлдвэрт очиход замыг нь хааж, дотогш ямар ч хүн нэвтрүүлэхгүй байсан юм. Ямартай ч биднийг ойр орчмоос нь харахад үйлдвэрээс хар саарал утаа олгойдон гарсан хэвээр байв. Тус газар шөнийн болон өглөөний ээлжийн ажилтнууд байсан боловч мэдээлэл өгөх, бичлэг хийлгэхээс татгалзаж байлаа. Мөн галын дүгнэлт эцсийн байдлаар гараагүй тул холбогдох албаныхан тодорхой мэдээлэл өгөх боломжгүй хэмээн тодотгосон.
Ямартай я гал гарах үед үйлдвэрийн барилгын дээврийг тэр чигт нь бүрхсэн байдалтай байжээ. Тиймээс галын тархалтыг зогсооход гал сөнөөгчдөд хүндрэлтэй байсан гэв. Мөн шатамхай материалаар дээврээ зузаалж, барьсан учир галын эрчийг зогсооход хүндрэлтэй байсан гэдгийг холбогдох албанынхан хэлж байлаа.
Тус компанийн тухайд, улсад жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг манай улсын том үйлдвэрүүдийн нэг юм. Нийт 1500 гаруй ажилтантай. Хүчин чадал нь анхан шат, сүлжмэл, нэхмэл, оёмолын дөрвөн үйлдвэртэй. Эдгээр үйлдвэрүүд жилд 30,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.
Өчигдөр орой 20.00 цагаас хойш шатаж буй барилгад үйлдвэрийн гол цехүүд байрлаж байжээ. Тус барилгыг Япончууд дайны төлбөрт барьж, 1981 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Барилгыг гурван жилийн хугацаанд барьсан байна. “Говь” компани нь 2007 онд анх хувьчлагдаж, тухайн үед нийт хөрөнгийн хэмжээ 27 тэрбум төгрөгөөр тооцогдож байсан. Харин 10 жилийн дараа компанийн нийт хөрөнгө 122.8 тэрбум төгрөгт хүрч, жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг байна.
Хувьчлагдаж байх үедээ буюу 2007 онд 30 пальто борлуулж байсан “Говь” ХК найман жилийн дотор үйлдвэрлэлээ 330 дахин өсгөж чадсан тухайгаа яг нэг жилийн өмнө олон нийтэд зарлаж байлаа. Мөн ирэх таван жилд тус компани пальтоны үйлдвэрлэлээ 10 дахин өсгөөд зогсохгүй, 100 хувь ноолууран пальто үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж, нэгдүгээрт бичигдэх болно гэдгээ мэдэгдэж байсан юм.
Юутай ч 153 тэрбумаар үнэлэгдэх үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй, жилдээ 70 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг, 2021 он гэхэд ноолууран пальтоны үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа, 1500 хүн цалинжуулдаг, үндэсний томоохон үйлдвэрт гал гарсан нь үнэхээр харамсалтай. Галын ослын талаарх дүгнэлт хараахан гараагүй байгаа ч үйлдвэрийг шатамхай материалаар барьсан нь гал хурдан тархахад хувьцааных нөлөөлснийг мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор тус компанийн хувьцааны үнэ тодруулбал, өнөөдрийн байдлаар 15 хувиар унаад байна.
А.Уянга
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.