Т.Ундармаа: Умайн хүзүүний хавдар урт хугацаанд үүсдэг учраас зөвхөн эрт илрүүлгийн шинжилгээгээр л оншлогдоно

2023-01-18 Эрүүл мэнд

 

Жил бүрийн нэгдүгээр сарыг дэлхий нийтээр “Умайн хүзүүний хорт хавдрыг сэрэмжлүүлэх сар” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд Ази тивд эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн болон нас барсан тохиолдлоор нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Энэ хүрээнд ХСҮТ-ийн Хорт хавдрын бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаатай ярилцлаа.


-Умайн хүзүүний хорт хавдраар хэн өвчлөх магадлалтай вэ?

-Нөхөн үржихүйн насанд буюу бэлгийн бойжилт нь гүйцсэн, бэлгийн харьцаанд ороход бэлэн болсон эмэгтэй бүр умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлтэй байдаг. Учир нь бэлгийн харьцаанд орсноор уг вирусийг биедээ тээх буюу бэлгийн харьцааны хамтрагч нь хүний папиллома вирустай байсан бол тухайн эмэгтэйд халдварлана гэсэн утгатай юм. Гэхдээ хүний папиллома вирустэй эмэгтэй бүр умайн хүзүүний хорт хавдраар өвчлөхгүй.

-Тэгвэл ямар үед халдвар нь илэрч, хавдар болох вэ?

-Халдвар авсан зарим эмэгтэйчүүд дархлаагаараа энэхүү вирусийг устгах тохиолдол бий. Мөн хөндлөнгийн хүчин зүйл буюу бэлгийн олон хавьтагчтай, эрт төрсөн, тамхи татдаг, дархлаа муутай гэх мэт төрөл бүрийн нөлөөллийн хүчин зүйлээс хамаарч тухайн вирус нь архаг хэлбэр буюу дараагийн үе шат руу шилждэг. Ингэж шилжих явцад тухайн эмэгтэйн умайн хүзүүнд вирус хадгалагдан үлдэх үед хавдар үүсэх явц 20-30 жил байдаг юм. Нэг ёсондоо 20-30 жилийн дараа хавдар нь оношлогдоно гэсэн үг. Түүнээс биш өнөөдөр халдвар аваад маргааш хавдар үүснэ гэж ойлгож болохгүй.

-Тэгэхээр 20 жилийн дотор умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэг үүсдэг байх нь ээ?

-Халдвар авснаас хойш 15-20 жилийн дараа урьдал эмгэг илэрдэг. Хүний папиллома вирусний тогтвортой буюу даамжирсан халдвар нь умайн хүзүүний шилжилтийн бүсийн хучуур эдийг эмгэг өөрчлөлтөд оруулж хавдрын урьдал эмгэг үүсгэх юм. Урт хугацааны дараа буюу 10-20 жилийн дараа цөмлөн түрсэн хавдарт шилжинэ. Хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлж эмчлэх зарчим баримтлах хэрэгтэй. Эмчлүүлэхгүй, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдахгүй бол хавдар болон шилждэг гэж ойлгох хэрэгтэй.

-Умайн хүзүүний хорт хавдрын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ. Эсвэл мэдэгддэггүй хэрэг үү?

-Вирусийн халдвар хавдар болсон тохиолдолд тухайн эмэгтэй мэдэх ямар ч боломж байхгүй. Биед мэдэгдэх өвөрмөц шинж тэмдэг ч байдаггүй. Өмнө нь хэлсэнчлэн урт хугацаанд уг өвчин үүсдэг учраас зөвхөн эрт илрүүлгийн шинжилгээгээр мэдэх боломжтой юм.

-Эрт илрүүлгийн шинжилгээний явц хэр үр дүнтэй байна вэ?

-Бид эрт илрүүлэг үзлэгээр есөн жилийн хугацаанд 500 гаруй эмэгтэйчүүдийн умайн хүзүүн хавдрыг илрүүлсэн. Үүний 70 гаруй хувь нь эрт үе шатандаа оношлогдсон байна. Эрт үе шатандаа оношлогдоно гэдэг нь төгс эмчлэгдэх боломжтой гэсэн үг. Хавдар болгоныг 100 хувь эмчлэх боломжгүй. Гэхдээ боломжит байрлалын хавдрууд дотроо умайн хүзүүний хавдар ордог. Өөрөөр хэлбэл умайн хүзүүний хорт хавдраар эндэхгүй байх баталгааг өгч байгаа юм.

Эрт илрүүлгийн шинжилгээний гол ач холбогдол бол хүний папиллома вирус биед байгаа үе болон хавдрын урьдал эмгэгийг илрүүлэхэд оршино. Ингэснээр тухайн вирусний эсрэг арга хэмжээ авч, өвчнийг эрт үед нь эмчлэх боломж бүрдэх юм.

-Энэхүү тоон үзүүлэлтийг хувьчлаад үзвэл 50 хувь нь эрт үедээ, үлдсэн 50 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Манай улс 2012 оноос хойш умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь 30-60 насны эмэгтэйчүүдэд гурван жилд нэг удаа хийдэг. Амьдралынхаа туршид нийт 11 удаа эсийн шинжилгээнд суурилсан эрт илрүүлэгт хамрагдах ёстой гэсэн үг. Гэхдээ сүүлийн үед дэлхий даяар 11 удаагийн эсийн шинжилгээг хялбарчлах үүднээс анхны үүсгэж буй вирусийн халдвар байгаа үгүйг шинжлэх шинжилгээний технологи гаргасан. Уг технологиор 35 болон 45 насанд нь вирус байгаа үгүйг шинжилж гаргаж байна.

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.