Хүнсний гол бүтээгдэхүүнээс махны үнэ хамгийн их өсчээ

2023-01-30 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн статистикийн газраас нэгдүгээр сарын дөрөв дэх долоо хоногт хүнсний гол бүтээгдэхүүн болох мах, гурил, хүнсний ногооны үнийн судалгааг хийжээ.


Судалгаагаар үхрийн цул мах нэг килограмм нь дунджаар 15969 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 13679 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.77 хувиар, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах, “Хүчит шонхор”, “Хар хорин” захууд хамгийн хямд буюу 11000 төгрөг, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 17500 төгрөг байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 2.5 хувиар, хонины цул махны үнэ 1.3 хувиар өссөн. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” “Хархорин” Худалдааны төвүүдэд хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” Худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ:

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” нэрийн савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 2400-2800 төгрөг, 1-р зэргийнх 2000-2350 төгрөг, 2-р зэргийнх 1249-1800 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” нэрийн гурилын үнэ 2200-2400 төгрөг, 1-р зэргийн гурил 1920-2100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 2060-2200 төгрөгийн үнэтэй байна. “M-Mart” Супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 2060 төгрөгөөр, харин “Cансар” Супермаркет, “Саруул” худалдааны төв, “Оргил” худалдааны төв гэх мэт газрууд хамгийн өндөр үнээр буюу 2200 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

Монгол төмсний үнэ 1.8 хувиар өсч 1 кг нь 1516 төгрөг, монгол луувангийн үнэ 1.7 хувиар өсч 2439 төгрөг, монгол байцааны үнэ 1.0 хувиар өсч 2295 төгрөг, хүрэн манжингийн үнэ 0.4 хувиар буурч 2 951 төгрөг, монгол сонгино үнэ 3.1 хувиар өсч 3058 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.