С.Батдөлийн хамаарал бүхий 4 обьектод нэгжлэг хийжээ

2023-01-10 Мэдээ, мэдээлэл


Цагдаагийн байгууллагаас өнөөдөр УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох асуудлаар мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Хуульд заасан дүрэм, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагааг явуулж, нэгжлэгээр иргэн Б-ийн хамаарал бүхий орон сууцуудад нэгжлэг хийж 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх валют бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны гэрчилгээ, үл хөдлөхийн баримт бичгийг хурааж авсан. Хэргийн яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн 18.6 мөнгө угаах, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиудад холбогдуулан шалгалтын ажлыг хийж байна. Мөн өчигдрөөс эхлэн Б-г нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гарсан. Цаашид хамтарсан багийн ажлын хэсэг хэрэг нотлогдвол зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн үг.

Одоогоор тухайн сэжигтний хамаарал бүхий дөрвөн обьектод нэгжлэг хийж шалгасан.

Анхнаасаа Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарч шалгалтыг хийсэн. Гэхдээ одоогоор шалгалт дуусаагүй учир зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өгнө. Цаашид үргэлжлүүлэн шалгалтын ажлыг хийнэ. Хэргийн нөхцөл байдлаас хамаарч өөр бусад албан тушаалтнууд хамрагдаж ч болзошгүй. Энэ хэрэг дээр нэр холбогдсон хүн болон аж ахуй нэгжүүдээс байцаалт авч байгаа. Тоо хэлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 зүйлчлэл дээр зохион байгуулалттай бүлэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлсэн заалтаар 12 жил хүртэлх ял оноодог. Татвар төлөхөөс зайлсхийх тухайд хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжвөл таван жилийн ялтай. С.Батдөлд холбогдох хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учир хэдэн жилийн ял шийтгэл авах нь тодорхой биш” гэсэн мэдээллийг өгөв.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.