Шадар сайд С.Амарсайхан: Нийт нутгийн 90 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байна

2023-01-3 Засгийн газар

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн талаарх мэдээлэл сонслоо.


Шадар сайд С.Амарсайхан “Өвөлжилтийн нөхцөл байдлыг үнэлж, Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Төв, Баянхонгор, Дундговь, Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Увс аймагт нийт 1171 тн өвс, 8,000 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Алслагдсан нутагт өвөлжиж буй малчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, болзошгүй эрдлээс сэргийлэхийн тулд аймгуудад туулах чадвар сайтай автомашин олгосон. Улсын хэмжээнд 2022 онд 188600 малчин өрх 71.6 сая мал тоолуулсан. Үүнээс энэ өвөл 21,800 өрхийн 9.5 сая мал отроор өвөлжих нөхцөл байдал үүссэн. Отроор өвөлжих малчин өрх, малын тоо толгой өмнө оныхтой харьцуулахад өрх 2,200, мал 1.1 саяар өссөн байна. Нийт нутгийн 60 орчим хувьд зудын их эрсдэлтэй, 30 гаруй хувьд дунд зэргийн, арав орчим хувьд бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар 13 аймгийн 160 сум зудын эрсдэл ихтэй байгаа юм. Зарим сум, багийн нөхцөл байдал хүндэрсэн учир аймгийн өвс тэжээлийн нөөцөөс хүргэж эхэлсэн. Үүнтэй холбоотой УОК-оос өвс тэжээлийн нөөцийг дахин хуваарилан ажиллаж байна. Цаг үеийн байдлаас шалтгаалан өвс тэжээлийн хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 2-4 дахин өссөн” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.