ЭМЯ: Эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдлыг илрүүлээд байна

2022-12-9 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2022.12.09/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.БАЯРБОЛД:

-Улсын хэмжээнд эрт илрүүлгийн үзлэгт 707 мянга гаруй иргэн хамрагдсgнаас 45.8 хувь нь эрэгтэйчүүд. Нийслэлээс Баянгол, Баянзүрх дүүргийн иргэдийн эрт илрүүлэгт хамрагдах идэвх өндөр байна. Одоогийн байдлаар 690 мянга гаруй иргэний шинжилгээний хариу бүрэн гарсан. Шинжилгээнд хамрагдсан иргэд хариугаа E-Mongolia хуудаснаас авах боломжтой.

Нийт 390 мянга 925 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр иргэдээс 64.9 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, 9.1 хувь нь дотоод шүүрэл, зургаан хувь нь шээс, бэлгийн тогтолцооны өвчин, 5.8 хувь зүрх судас, 4.2 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл бүртгэгдсэн.

Эдгээр иргэдэд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг өгөхөөс гадна, дараагийн шатны шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэж байгаа. Мөн эрт илрүүлгийн хугацаанд хортой, хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, онош тогтоолгохоор дараагийн шатны байгууллагад хандсан. Одоогоор 135 хортой хавдрын шинэ тохиолдлын оношыг баталгаажуулж, эмчилж эхэлсэн.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-Монгол Улсын хэмжээнд энэ долоо хоногт 933 коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор улсын хэмжээнд омикроны гурав дахь оргил үе явагдаад буурч байна. Хувилбарын тандалт шинжилгээгээр нийт сорьцын 69 хувьд омикроны BQ1.2 хувилбар бүртгэгдсэн. Өвчлөлийн хувьд халдвар авсан тохиолдолд хөнгөн өвчилж, эдгэж байна. Өнгөрсөн долоо хоногийн хувьд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж улсын хэмжээнд нийт нас барсан иргэдийн тоо 2315 болов. Улирлын томууны хувьд хоёр төрлийн вирус идэвхжилийн түвшинд байна. Тухайлбал, томуугийн А,Б хүрээний вирусийн тархалт өндөр байгаа бөгөөд томуу томуу төст өвчнөөр өвчилж буй хүүхдүүдийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Үүнээс амьсгалын замын цочмог хүнд халдвараар 0-4 насны хүүхдүүд 77 хувийг эзэлж байгаа юм. Томуугийн өвчлөлийн оргил үе 12 сараас нэг сар хүртэл үргэлжилдэг.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.