Энэ сарын 21-нд нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсгол болно

2022-12-8 Байгаль орчин

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын нээлттэй сонсголыг энэ сарын 21-ний 10:00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тус сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар болжээ.

Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд,  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 2020-2022 онд улсын хэмжээнд ямар ямар аж ахуйн нэгж хэр хэмжээний коксжих нүүрс олборлосон, ямар аж ахуйн нэгж коксжих нүүрс тээвэрлэсэн, тэдгээр нь ямар хэмжээний орлого олсон, Монгол Улсын нийт боомтоор экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ.

Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр ямар хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын нэг км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд хүсэлтдээ дурджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.