Монголчууд найман сарын хугацаанд анхны гурвалсан төмөр замын уулзвар бүхий 226.9 км төмөр замыг барьж чадлаа

2022-11-28 Нийгэм

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгч байсан. Тэгвэл найман сарын дотор төр, хувийн хэвшлийн түншлэлээр ийнхүү ашиглалтад оруулж, тус төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн болжээ. Өөрөөр хэлбэл, монголчууд өөрийн ур ухаан, хөдөлмөр зүтгэлээр 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа ийн зарлаж байна.

Тус замын нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг найман сарын дотор бүрэн дуусгаснаа зарлаж байна. Болгоё гэвэл арга, болгохгүй гэвэл шалтаг олддог гэсэн үг бий. Улс орны экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууссан. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандалын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын улиралд дуусаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа.

Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт өнөөдрийн хурдаар явсан бол Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрсэн, нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт өөрчлөлт гарсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй. Өнгөрсөн 30 жилийн алдаа оноог дэнсэлж, засаж залруулахын төлөө, цар тахал, дайны хүнд цаг үеийг давж эдийн засгаа сэргээн тогтворжуулахын төлөө, улс орны эдийн засаг, иргэдийн амьдралын чанарыг богино хугацаанд дээшлүүлэх том төсөл хөтөлбөрийг бүрэн дуусгаж, бодит үр дүнд хүргэхийн төлөө Засгийн газар цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа.

Монголчууд бид ажил эхлүүлж, богино хугацаанд бүрэн дуусгаж чаддаг гэдгээ олон улсад харуулж чадлаа.

Энэ бүтээн байгуулалт Монгол Улсыг олон талаар эерэгээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын орчинд том нөлөөлөл үзүүлнэ” гээд бүтээн байгуулалтад оролцсон үндэсний аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, оюутан залуучууд, нутгийн иргэдэд талархал илэрхийлж байна” гэлээ.

Тэгэхээр энэхүү зам монголчууд бидэнд олон талын өгөөжтэй байх нь дамжиггүй. Наанадаж л Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог юм. Мөн импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ. Мөн дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэж байна. Бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний Барилга инженерийн цэргийн зургаан ангийн 1000 гаруй албан хаагч төмөр замын трассын дагуу 4.6 орчим сая шоо метр газар шорооны ажил, 63 байрлалд ус өнгөрүүлэх хоолой, 35 км дээд бүтэц тавих ажлыг хагас жил гаруй хугацаанд чанар, стандартын дагуу бүрэн гүйцэтгэжээ. Мөн энэ ажилд 120 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчин оролцож, 1300 байнгын ажлын байр шинээр бий болж байгаагийн 50-60 хувь нь орон нутгийн иргэд байгаа ажээ.

Замыг Хятадын уул уурхай, хүнд үйлдвэрт ашигладаг дохиолол холбооны системээр удирдана.

Төмөр замын хоёр төлөөр одоогоор тор татах төлөвлөгөөгүй байгаа гэнэ. Эхний ээлжид зөвхөн суурьшмал бүс буюу өртөө, зөрлөг дээр тор татаж, гол зам дээр ан амьтны хөдөлгөөнд нээлттэй байх төлөвлөгөөтэй буй. Харин бүтээн байгуулалтыг хариуцсан хувийн хэвшил, нэгдлийн тухайд 15 жилийн туршлагатай бөгөөд Зүүнбаян-Хангийн төмөр төслийг хийхэд судалгааг өндөр нарийвчлалтай хийжээ. Харин одоо төмөр замуудын дагуух уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл үйл ажиллагаа хэдийнэ идэвхжиж эхэлжээ. Мөн ашигт малтмалын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд Зүүнбаян-Хангийн төмөр замаас татах эхний салаа замйн зөвшөөрөл ч яригдаж байгаа аж.

 

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.