Хэдэн ч их наядыг утаатайгаа “залгив” сэтэртнүүд ээ… Гэвч ямар ч үр дүн алга

2023-01-6 Нийгэм


Нийслэлчүүд утаагүй хэмээх сайжруулсан шахмал түлшийг дөрөв дэх өвөлдөө хэрэглэж байна. Гэвч агаарын бохирдлыг бууруулах нь бүү хэл урьд өмнө үнэртэж үзээгүй утаа униараар амьсгалах болов. Цахимд ханиад томуунаас салахгүй үйлээ үзэж буй иргэдийн сэтгэгдэл захаас аваад өч төчнөөнөөрөө урсана. Боломжтой нэг нь гадагшаа яваад хоёр, гуравхан хоногийн дотор өнөөх дагширсан ханиад нь нам болж буйг гайхсан сэтгэгдлүүд…

Үнэхээр бид юугаар амьсгалаад байна вэ? Өнөөдөр нийслэлийн үнэн төрх бол агаарын чанар, орчны бохирдол гамшгийн түвшинд хүрч хордсон хүүхэд, томчуудгүй эдгэрэхгүй ханиад тусаж, халуурч бүлээрсэн хүүхдүүд эмнэлэгтээ багтахгүй коридорт хэвтэн эмчлүүлж байна. Тэр ч бүү хэл нийслэлийн хамгийн цэнгэг бүс гэгддэг өнөөх Зайсанд нь хүртэл утаа униар хоолой хорсгодог болсон талаар УИХ-ын нэгэн эмэгтэй гишүүн цахим хуудсандаа гайхсан байна билээ. Тэгэхээр утаагүй түлш хэрэглэж эхэлсэн сүүлийн жилүүдэд  утаа нь хэр их өтгөрч буйн илрэл. Нийслэлд өдгөө амьдарч буй нэг сая гаруй хүн эрүүл мэндээрээ хохирч, амь насаараа дэнчин тавьж амьсгалахын төлөө тэмцэж байна.

Утааг бууруулахад зарцуулсан өндөр дүнтэй олон төсвөөс хэсэгхэнийг эргэн харахад л 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахын тулд 550 ТЭРБУМ ТӨГРӨГ мөн 2017-2020 онд 456,1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ улсын болон нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаас зарцуулсан ч агаарын чанарын үзүүлэлт стандарт хэмжээнд хүрээгүй гэдэг тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 20 орчим ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулагджээ.

Гэвч Улаанбаатар дэлхийн хэмжээнд агаарын бохирдлоороо нэгд жагсаж, 21 аймагт утаа гамшгийн хэмжээнд хүрлээ. Эрдэмтдийн судалгаагаар сүүлийн жилүүдэд нийслэлийн угаарын хий 2.7 мг байсан бол 4.6 болж ихэссэн мэдээтэй. Хүхрийн исэл 4 дахин өссөн. Утаанд байдаг хамгийн хүнд хортой тоосонцор PM 27 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, Баянхошуунд PM 324 буюу маш аюултай хэмжээнд байгаа бол Завхан аймагт PM 384 мөн адилхан аюултай түвшинд хүрчээ. Хамгийн аймшигтай нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байгаа арван нас баралт тутмын нэг нь агаарын бохирдолтой холбогддог болжээ. Энэ бол эрдэмтдийн судалгаа.

Ийн цухас харахад байдал жилээс жилд гэрлийн хурдаар доошоо чиглэж, харин утаанд зарцуулсан хөрөнгө мөнгөний тоо дээшээ огцом өсчээ. Хэрвээ энэ улс орныг чин шударгуу “эзэд” залдаг байсан бол энэ их хөрөнгө мөнгийг бодитой үр дүнд хүргэж, судалгаа шинжилгээний үндэслэлтэйгээр ажлаа төлөвлөчихсөн утаа нь замхарч төсөв нь салхинд хийсэхгүй байх байж. Ядаж л утаа нэрийдлээр цаашаа, наашаа хийсэн энэ хэдэн их наядаараа дагуул хотуудаа хөгжүүлж, үйлдвэрүүд байгуулсан бол ядарсан ардын хэсэг нь ч гэсэн ажлын байртай болох байлаа. Цаашлаад нийслэлийн гэр хорооллын 200 гаруй мянган айл өрхийг орон сууцжуулах бодлогыг ч хэрэгжүүлэх боломж байв. Гэвч бүгд урвуу…

Ийнхүү эцэст нь тодруулахад, агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн cистемийн, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдрын тархалт, тохиолдлын төвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэйг олон улсын болон манай орны эрдэмтэн судлаач, эмч нарын хийсэн судалгааны дүн харуулж байна гэдгийг дахин онцолмоор байна.


О.ГЭРЭЛ

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.