ИХ АВАРГА ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛЫГ “АЛТАН ОД” одонгоор шагнав

2022-10-14 Амрах агшин

 

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Олимпик хауст сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдын төлөөлөл болон аваргын ээж Ө.Тамир нар оролцов.

Уулзалтын үеэр Хакүхо аварга “Дөрвөн жилийн дараа эх нутагтаа ирлээ. Сэтгэл маш их хөдөлж байна. Сүмод орсноос хойш хоёр жилийн дараа анх удаа нутагтаа ирэхэд ийм мэдрэмж төрж байлаа. Энэ удаа өөрийн 20 жилийн амьдралаа холбосон “Миягино” дэвжээг өвлөн аваад эргэн ирж буйдаа баяртай байна.

Анх 62-хон кг жинтэй хүүхэд Японд очиход “Энэ барилдаж чадах юм уу” гэж эргэлзэх хүн олон байсан. Гэхдээ хүн шантралгүй зүтгэвэл ямар ч амжилтад хүрч болно гэдгийг харуулсандаа их баярладаг.

Би багш дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ Монгол, Японыг холбосон гүүр болно. Монголын спорт, олимпизмын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсэж байна” гэв.

Мөн “Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй тамирчдын төлөөлөл боксын шигшээ багийн тамирчдад хандан олимпын наадамд амжилттай оролцохыг хүсэхийн ялдамд олимпын медалийн өнгө зөвхөн тамирчин хүний өөрийн хүчин чармайлтаас шалтгаалах тул бэлтгэл сургуулилтаа хичээнгүйлэн хийхийг онцлон захив.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг их аваргыг МҮОХ-нд зочлон ирсэнд талархлаа илэрхийлээд хүүхэд байхдаа хамтдаа 40 мянгатын байрны гадна сагс тоглож өссөн түүхээ дурсав.

Мөн Монгол Улс ойрын ирээдүйд залуучуудын олимпыг нутагтаа зохион байгуулахыг зорьж байгааг дуулгаж, энэ үйл хэргийг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг хүслээ.

Энэ үеэр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр “Токио-2020” олимпын наадмын элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргалын спорт, олимпизмын үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг үнэлэн МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнав.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.