Чуулган: Ирэх оны төсвийн хүрээнд гишүүд асуулт асууж, хариулт авлаа

2022-10-13 Парламент

 

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

-Төсвийн орлого 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Энэ оны таван сараас хойш ямар өөрчлөлт ороод орлого ингэж нэмэгдэж байгаа вэ? Зарлага бас 1.3 орим их наяд төгрөгөөр нэмэгдэж орж иржээ. 2023 онд юуг санхүүжүүлэх гэж ингэж оруулж ирж байгаа. Мөн өрийн хэмжээ нэг их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өрийн баталгаа гаргах гэж байгаа юм уу?

Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Дөрөвдүгээр сард төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулж байх үеийнхээс өнөөгийн нөхцөл байдал сайжирсан. Бид оны эхний гурван сард экспортоо сэргээж чадахгүй хүнд байдалд байсан.

Дунджаар өдөрт 200 мянган тонн нүүрс гаргаж байна. Цар тахлын өмнөх нөхцөл байдалтай нүүрсний экспорт дөхөж очсон. Иймээс төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Ирэх жил 36 сая тонн нүүрс экспортлох бүрэн боломжтой.

Зарлага тал дээр 2022 оны түвшинд урсгал зардлыг барихыг хичээсэн. Нөгөө талдаа хүн амын тооны өсөлт болон статистик тоотой холбоотой УИХ-аар батлагдсан шийдвэрийн дагуу 1.5 их наяд төгрөгөөр урсгал зардлыг нэмэгдүүлж байгаа. Ирэх жил шинэ хөрөнгө оруулалт байхгүй гэдэг байдлаар тооцоолол хийсэн.

Өрийн тухайд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нэг тэрбум ам.доллар хүртэлх Засгийн газрын өрийн баталгаа гаргахыг өрийн тооцоонд оруулсан. Гэхдээ үүнийг тухай бүрд нь УИХ-аас зөвшөөрөл авч хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Төсвийн хууль орж ирж байхад тоо баримтууд гутранги төсөөлөлтэй байна гэж гишүүд хэлж байсан. Төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэгт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихэд ямар боломжийг тусгасан бэ? Нийгмийн халамж хавтгайрсан гэж яриад байна. Гэвч энэ тооцооллоос харвал халамж хавтгайрсан гэж харагдахгүй байна. Ирээдүйн өв санд байсан мөнгийг Улсын төсөвт татаж оруулж ирж байгаа учраас төсөвт дарамт учрах ёсгүй. Халамжийн эзлэх хувь ДНБ-ний 1.1 хувьтай тэнцэж байна.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсөв батлагдаж байх үед нөхцөл байдал хүнд байсан. Хэт өөдрөг төсөв, төсвийн хүрээний мэдэгдлийг тооцох нь эрсдэл дагуулдаг учраас болгоомжилсон. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өр ДНБ-ний 50.1 хувьтай тэнцэж байгаа. Ирэх онд нэмж гадаад зээл авъя гэж оруулж ирээгүй. Бууруулах бодлого барьж байгаа. Халамжийн хувьд бол хүүхдийн мөнгийг 2023 оноос  Ирээдүйн өв сангаас Улсын төсөвт шилжүүлж, 1.4 их наяд төгрөгөөр зардал өсч харагдаж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Сангийн яам УИХ-д төсөв өргөн барьж байгаа бол задаргаа, мэдээллээ гүйцэт өгч баймаар байна. Хөрөнгө оруулалтын жагсаалтууд өргөн барихдаа салбарын багцуудаа тэр чигт нь үлдээчихсэн байна. Нийслэл дээр 1 их наяд төгрөгийн тухай ярьж байсан. Гэтэл одоо 300 тэрбум төгрөг яригдаж байна шүү дээ.

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат:

-Төсөв дээр бид задаргаагаа дэлгэрэнгүй өргөн барьсан. Орон нутгийн төсөв дээр орон нутгийн төвлөрүүлэх орлого болон санхүүгийн дэмжлэгийг баталдаг. Бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг задаргаагаар нь өргөн барьсан.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.