Есөн хөлт цагаан тугийг “Чингис хаан” музейд зална

2022-10-10 Мэдээ, мэдээлэл

“Чингис хаан музей” маргааш /2022.10.11/ нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар болжээ. Музейн нээлттэй холбоотой мэдээллийг холбогдох алба хаагчид өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Одоогоос гурван жилийн өмнө Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Чингис хаан, хаад язгууртны музей байгуулах тогтоол гарч байсан. Үүний дагуу Монголын хаад язгууртны түүхийг үзүүлэх музейтэй болж байна. Эзэн хааны мэндэлсний 860 жилийн тэгш ойд зориулж, монголын төр олон арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүний нэг нь энэ музей юм. Чингис хааны түүх бол зөвхөн манай улсын бус дэлхийн түүх гэдэгтэй дэлхийн эрдэмтэд ч санал нэг байдаг. Маргаашийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр төрийн есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос гаргаж, “Чингис хаан” музейд залах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан” гэв.

Соёлын дэд сайд М.Батбаяр “Музей бол аливаа улс үндэстний өв соёл, уламжлалыг хадгалж, хамгаалах, судалж, сурталчлах үүрэгтэй. Монгол Улсын төрийн шийдвэр гарч, 2020 оны улсын төсөвт хөрөнгө хуваарилж, энэ бүтээн байгуулалт эхэлсэн. Барилга угсралтын ажил цар тахлын амаргүй цаг үед байсан ч жил гаруй хугацаанд барьж, байгуулаад, улсын комисс хүлээж авсан. Улмаар өнөөдөр үүд хаалгаа нээхэд бэлэн болсон байна. Нийт 20 мянга 500 метр кватрат талбайтай, есөн давхар барилга байгаа. Энэ барилгын нийт талбайн 40 хувийг үзүүлэгийн танхим эзэлнэ. Барилгын дээр Чингис хааны хүндэтгэлийн танхим бий. Цаашид 7 метр өндөртэй, Чингис хааны алтажсан баримал барина” гэв.

 “Чингис хаан” музейн захирал, академич, доктор, профессор С.Чулуун “Чингис хаан музейн хамгийн гол онцлог бол Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан Хүннүгээс эхлээд Монголын их эзэнт гүрэн Их монгол улс, Их юань улс, Чингис хааны угсааны хаад язгууртнуудын түүхийг харуулаад, 20 дугаар зууны эхэнд буюу 1911 онд Чингисийн угсааны алтан ургийн ноёд өнөөгийн Монгол Улсыг хэрхэн бидэнд үлдээсэн тухай түүхийг цогцоор нь харуулсан музей байгаа юм. Чингис хаан музейд нийт 11 мянган үзмэр, дурсгал тавигдаж байгаа. Үзмэр бүрдүүлэлтийн асуудал бол Улаанбаатарт байгаа музей, Шинжлэх ухааны харьяа байгууллагуудын харьяа хүрээлэнгүүд, Их дээд сургуулиуд, Соёлын өв зэрэг бусад газруудын сан хөмрөгт хадгалагдаж байгаа нийт дурсгалын найман хувь тавигдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Чингис хаан музейд юу тавих бол гэж санаа зовох хэрэггүй. Энэ музейд бүх цаг үеийн түүхийг харуулсан дурсгал тавигдсан. Энэ нь нийт үзмэрийг дэглэлтийн 93 хувийг хамарч байгаа. Өөрөөр хэлбэл, нийт үзмэрийн 93 хувь нь оригнал. Хуулбар биш гэсэн үг. Үлдсэн хувь нь орчин үеийн техник технологийн дэвшилтийг ашигласан тодорхой дүрслэмж бүрэн хэмжээнд илэрхийлэгдэж чадахгүй байгаа үзмэрүүдийг сэргээж хийсэн. Уран зураг, уран баримал, хувцас хэрэгслийг сэргээх ажил хийгдэж байгаа. Бидний тооцоогоор, хүн амын таван хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж харж байна. Түүнчлэн Чингис хаан музейг үзэхэд хамгийн багадаа 8-9 цаг зарцуулна. Түүнчлэн хүүхдэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалтын төв болон кино театр байгаа. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг. Оюутан 15 мянга, гэр бүл 20 мянган төгрөг байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.