Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2022.09.29) УИХ-ын дарга Г.Занданшатарт 2023 оны улсын төсвийн төслийг өргөн барьсан байна. Энэ жилийн төсвийн бодлогын онцлог “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжихэд чиглэсэн бөгөөд ирэх онд 1 их наяд төгрөгийг Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд хэмнэх боломж бүрдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан дуулгасан билээ.
Тэрбээр “Төрийн хэмнэлтийн хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Энэ хуулийн дагуу Монгол Улс энэ онд 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдсэн юм. Харин ирэх онд 1 их наяд төгрөгийг дээрх хуулийн хүрээнд хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Төсвийн хуулийн хүрээнд ирэх онд баялаг бүтээгчдээ дэмжих татвар, төсвийн бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал, Хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг 2027 он хүртэл гаалийн татвараас чөлөөлж, IPO гаргасан компанийн хувьцааны ногдол ашгийн татвар дотоодод 10, гадаадад бол 20 хувь байдгийг 5 хувь болтол бууруулна” гэж хэлсэн.
Хөрөнгийн оруулалтын сангийн үйл ажиллагааг дэмжиж, 10, 25 хувийн татварыг нь тэглэхээр тусгажээ.
Мөн IT компаниудын гадаад руу шилжүүлж буй гадаад гүйлгээний татвар 20 хувь байсныг 5 хувь болгож багасгах аж. Энэ нь цахим салбарыг хөгжүүлэх үүднээс томоохон технологи нутагшуулах зардлыг хэмнэж буй юм. Мөн гарааны компаниудыг татвараас 3 жил чөлөөлдөг байсныг 5 жил болгосон байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улс 3.3 сая хүн амтай атлаа нутаг дэвсгэрийнхээ 0.3 хувьд хүн амын 50 хувь нь төвлөрдөг. Энэ нь түгжрэлээс эхлээд эдийн засгийн ихээхэн асуудал дагуулдаг. Үүнийг сааруулах үүднээс татварын бодлогоор дэмжинэ. Ингэхдээ импортын шинэ автобусыг 2024 он хүртэл гаалийн албан татвар болон НӨАТ-аас чөлөөлнө. Энэ бол иргэдийн автомашины хэрэглээг хязгаарлахаас өмнө нийтийн тээврийг хөгжүүлэх боломж. Хоёрдугаарт, нийслэлд ажилладаг аж ахуйн нэгж хамт олноо нийтийн тээврээр зорчуулж байгаа бол үүнд гарч буй зардал бүрд татварын хөнгөлөлт олгоно. Ингээд 339 тэрбум төгрөгийг нийслэлийн автопарк шинэчлэхэд зориулахаар болж буй юм.
Төвөст орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварын асуудал бий. Ингэхдээ шатлалын босгыг өндөр тавьсан. Ингэснээр хувь хүний орлогын албан татвар төлдөг 817 мянган иргэний 0.1 хувь нь л уг татварыг төлөх юм. Хувь хүний орлогын албан татвар 10 хувь байна. Одоо сарын 10 сая төгрөг хүртэлх орлогод 10 хувь, 10-15 сая бол давсан хэсэг буюу 5 хүртэлх сая төгрөгт нь 15 хувь, 15 саяас дээш бол давсан хэсэгт нь 20 хувийн татвар ногдох юм. Энэ бол цар тахлын үед улс орнуудын хэрэгжүүлж буй бодлого. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүнд үед өндөр орлоготой хэсэг нь татвараараа ачааллыг нь аваад явах, бага орлоготой хэсэгт илүү их тусламж, дэмжлэг олгох зарчим юм.
2023 оны улсын төсвийн төслийн дараагийн нэг онцлог нь төрийн албан хаагч нарын цалингийн систем.
Энэ системд сүүлийн 20 жил өөрчлөлт ороогүй. Одоо 165 цалингийн системтэй байгааг 20 болгож байна. Ингэснээр цалингийн систем ойлгомжтой болж, өртөгт суурилсан санхүүжилт, гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг хөгжүүлэх юм. Тухайлбал, төрд олон жил ажилласны нэмэгдэл 5 жил тутамд нэмэгддэг. Үүнийг жил бүр нэг хувиар нэмэх зохицуулалт хийж байгаа. Орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчдын цалин сүүлийн 3 жил огт нэмэгдээгүй. Тиймээс тэдний цалинг 20 хувиар нэмээд, цаашид дахин нэмэх боломжийг нь орон нутагт өгч байна. Энэ зохицуулалтаар цалин 2 дахин нэмэгдэх ч боломжтой юм.
Мөн уул уурхайн компаниудаас орон нутгийн иргэдэд өгдөг хандив, тусламж ойлгомжгүй, далд явж ирсэн. Үүний улмаас уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоох, хөөх асуудал үүсдэг. Тиймээс уул уурхайн компаниудад судалгаа хийж үзлээ. Тухайлбал, 2020 онд уул уурхайн цөөн хэдэн компани 6 аймагт 75.6 тэрбум төгрөгийг өгсөн байна. Энэ нь аймгийн ЗДТГ, ИТХ-аар дамждаггүй, хардлага сэрдлэг дагуулдаг байсан. Үүнийг хуульчилж, уул уурхайн болон бусад салбарын аж ахуйн нэгж тухайн аймагтаа хандив өгөх бол зөвхөн Орон нутгийн хөгжлийн санд өгнө. Уг санг ИТХ удирддаг тул хяналт тавих боломж бүрдэнэ гэсэн үг.
Энэ бүх бодлогыг хэрэгжүүлснээр экспорт 2.4 тэрбум, импорт 2.1 ам.доллараар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ирэх жил импортыг “хазаарлана”.
Зэсийн экспорт 1.4 сая тонноор нэмэгдэх бөгөөд энэ нь ирэх оны хагаст Оюутолгойн хүчин чадал нэмэгдэхтэй холбоотой. Нүүрсний экспортыг цар тахлын өмнөх үед хүргэнэ. Ирэх жил хэмнэх боломжгүй, зайлшгүй нэмэгдэх 1.5 их наяд төгрөг бий. Өөрөөр хэлбэл, энэ оны тэтгэвэр нэмсэнтэй холбоотой шууд гарах зардал, Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамжийн хөтөлбөрт 228 тэрбум төгрөг зарцуулах гэх мэт.
МСҮТ төгсөгчдөд сар бүр өгдөг байсан тэтгэмжийг төгсөх үед нь өгдөг болох зэрэг. Онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орон нутагт ажилаж буй албан хаагчдад олгох тэтгэмж бий. Ирэх жил өрхийн хэмжээнд эрчим хүчний тариф нэмэгдэхгүй. Аж ахуйн хэмжээнд нэмэгдэх юм.
Ирэх онд хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1 их наяд 394.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь нийт хүүхдийн 91 хувьд очно. Цар тахлын үед өрхийн орлогыг хүүхдийн мөнгөөр дамжин нэмж байсан бөгөөд үүнийг огцом бууруулах боломж байхгүй. Харин хүн амын өндөр орлоготой хэсэг хүүхдийн мөнгөнөөс татгалзаж, бага, дунд орлоготой өрхөд хүүхдийн мөнгө өгнө” гэж мэдээлсэн билээ.
18 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.