Цахим орчинд Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлагатай холбоотой худал мэдээлэл тарсантай холбогдуулан Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл өгч байна. Уг мэдээлэлд “ОХУ-ын Луганск, Донецкийн Бүгд найрамдах улсад явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбогдуулан Монгол Улсын 18-45 насны эрэгтэйчүүдийг гэрээт цэргийн албанд бүртгэж эхэллээ” хэмээн бичжээ.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар “ОХУ-ын талтай холбогдож асуухад уг мэдээллийг ор үндэслэлгүй мэдээлэл болохыг хэлсэн. Бид энэ мэдээллийг хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн. Уг хуурамч мэдээлэл нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Үүний эзэн холбогдогчийг тогтооно. Энэ мэдээлэл гарснаар Монгол Улсын Засгийн газар, төрөөс хийж буй бодлогыг илт эсэргүүцсэн үйл ажиллагаа юм. Монголын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц хуурамч мэдээлэл юм” гэлээ.