Эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж, хар тамхи борлуулан, татвараас зайлсхийсэн байж болзошгүй этгээдийг шалгаж эхэлжээ

2022-09-9 Мэдээ, мэдээлэл


Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бизнес тауэр” төвд үйл ажиллагаа явуулдаг, тайчих үзүүлбэр үзүүлдэг Square Lounge, Гэрлэх ёслолын ордны дэргэдэх байранд байрладаг STYX гэх шөнийн цэнгээний газруудад энэ сарын 6-7-нд шилжих шөнө цагдаагийн ажилтнууд шалгалт хийж, мансууруулах бодис борлуулж байсан байж болзошгүй үйлдлийг илрүүлжээ.

Цагдаагийн алба хаагчид дээрх цэнгээний газруудад шалгалт хийхдээ бүжигчид болон үйлчлүүлж байсан иргэдээс биологийн дээж авч мансууруулах бодис хэрэглэсэн, эсэхийг шалгахад хоёр хүн мансуурсан нь тогтоогдож, тэднээс эд мөрийн баримт болох хар тамхи хураан авсан байна.

Энэхүү шалгалтаар тайчих үзүүлбэр үзүүлдэг эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглүүлэх явдал байсныг илрүүлжээ.

Түүнчлэн Square Lounge болон STYX цэнгээний газруудыг Г гэх иргэн ажиллуулдаг бөгөөд дээрх гэмт үйлдлүүдээс гадна татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр түүнийг шалгаж байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.