Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болно. Тус чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уур уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм. Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан . Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг бүтээн байгуулжээ. Түүнчлэн дохиолол холбоо, хориглолын систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг чиглэл бүрд шинэ инновацийг нэвтрүүлснээрээ онцлог юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 240 километр үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх аж. Мөн нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригджээ.
Ийнхүү тус чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг 40 ам.доллароос 8 ам.доллар болж, тонн тутамд 5 дахин буурна. Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээнэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэнэ. Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасна. Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. -2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болно. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.