ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод Ковид19 халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалт тогтоосон. Халдварын тохиолдол одоогоор 82 болж нэмэгдсэн байна. Хөл хорио, хязгаарлалтын хугацаа 21 хоног үргэлжилж болзошгүй байгаа аж. Түүнчлэн төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон байна. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн 300 чингэлгийг авто боомтоор гаргаад, тээврийг зогсоох аж.
Энэ талаар Гадаад харилцааны яамны Хилийн хэлтсийн дарга Д.Болд дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “300 чингэлэгийг 10 хоногийн хугацаанд татна. Гэхдээ Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхгүй байна. Өнгөрсөн хугацаанд өдөрт дунджаар 70 чингэлэг хүлээж авдаг байсан. Эдгээрийн 10-15 нь жимс, ногоо байсан. Энэ ачилт бүрэн зогссон. Эхний ээлжид нарийн ногоо, жимс, жимсгэний терминалын ажилчдын тусгаарлаад, ачилт хийж өгөх хүсэлт тавьсан” гэв.