Сэрэмжлүүлэг: Аврагчид угаартах эрсдэлтэй 146 иргэнийг аварчээ

2022-05-17 Мэдээ, мэдээлэл


Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38, аюулт үзэгдэл, ослын гурван дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн улмаас угаартах эрсдэлтэй 146 иргэний аюулгүй байдлыг хангаж, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Мөн шар өвс шатаасан 20 дуудлагаар ажиллаж, 41,2 га талбайн түймрийг бүрэн унтраалаа.

Ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хамтарсан бүрэлдэхүүн хяналт шалгалтыг зохион байгуулахдаа гал түймэр гарч болзошгүй 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж явсан 35 техник хэрэгсэл, 246 иргэн, 38 айл өрх, 82 аж ахуй нэгж байгууллагад сэрэмжлүүлэг өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иймд иргэд та бүхнийг:

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засаж, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,
Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,
-Цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчнаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,
-Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах,
-Аж ахуй, нэгж байгууллагууд барилга байгууламжийн галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, хяналтын камер, харуул хамгаалалтыг сайжруулах, яаралтай үед холбогдох утасны дугаар жагсаалтыг тодотгох,
-Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгах шаардлагатай гэж ОБЕГ-аас анхаарууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.