ТЭЭЛИЙН АМНЫ БУГАН ХӨШӨӨ

2022-05-9 Соёл урлаг

Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг Баяннуур багийн төвийн дэргэд Тээлийн ам хэмээх газар нэгэн том хиргисүүрийн дэргэд газарт унасан буган хөшөө бий. Буган хөшөө нь тахилгын байгууламжтай. Дурсгалыг Монгол-Хятадын хамтарсан судалгааны анги 2019 онд илрүүлжээ.

Тус буган хөшөөг цайвар шаргал өнгийн боржин чулуугаар үйлдсэн. 240 см өндөр, 62 см өргөн, 26 см зузаан хэмжээтэй. Дүрслэлийн хувьд нүүрэн талын дээд хэсэгт толгойн боолт, хоёр ширхэг ташуу зураас бүхий нүүр, баруун талд унжлага ээмэг, зүүн талд цагариг ээмэг дүрсэлж, доогуур хөшөөг бүтэн тойрсон олон жижиг хонхроор хүзүүний зүүлтийг илэрхийлжээ. Хүзүүний зүүлтийн завсарт бугын дүрстэй сондор зүүлгээд их биед нь дөрвөн согоо, эвхэрсэн амьтны дүрслэл, бодит байдалтай гурван буга, бүснээс нь тэрэгний дэгээ, хутга, билүү чулуу, саадаг, чинжаал хутга, байлдааны зээтүү зэргийг зүүлгэн дүрсэлжээ. Уг дурсгал нь Буга, хандгайн бодит дүрслэлтэй буган хөшөө хэмээх ангилалд багтана. Дээрх буган хөшөөнд буй сонирхолтой дүрслэл бол толгойгоо эргүүлж тус бүр дөрвөн хөлөөр нь нийлүүлсэн дөрвөн согооны хас юм. Дээрхтэй төстэй боловч зөвхөн нэг согоог дүрсэлсэн хүрэл эдлэл ОХУ-н Буриад, Тува, БНХАУ-ын Өвөр Монголын нутгаас олдсон боловч яг адилтгах олдвор хомс байна. Тиймээс Тээлийн амны буган хөшөөнд буй хас бүхий дөрвөн согоо нь одоогоор цорын ганц дүрслэл бүхий дурсгал болно.

Тээлийн амны буган хөшөөг БСШУС-ын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авчээ.

Холбогдох ном зохиол:
Ц.Болорбат нар., Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт явуулсан археологийн судалгааны тайлан: Монгол-Хятадын хамтарсан төсөл. Археологийн эрдэм шинжилгээний ангийн тайлан.// Түүх, археологийн хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөг. Улаанбаатар. 2019. Тал 250. Б.Анхбаяр нар., Цагаан Туруутын голын хөндийгөөс шинээр илрүүлсэн буган хөшөөд. // Studia Archaeologica. Tomus XXXVIII, fasc 1-11. Улаанбаатар. 2019. тал 56-64.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.