Хүн төрөлхтөн байгальдаа уусан нэгдэж, сүргээр амьдрагч сүргийн амьтан гэсэн мөн чанараа хүлээн зөвшөөрч, эвлэн сүжирч буй өнөөгийн цаг үед зөвхөн өөрийнхөө амьдралыг хөөж, амиа бодож довоо шарлуулж явах нь хангалттай биш, харин бусдыгаа сайн сайханд хөтлөж нийгмийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх ёстой гэдэг социал демократчуудын итгэл үнэмшилийг нийгмийн дундаж давхарга сонгодог болоод байгаа нь олон зүйл дээр ажиглагддаг. Тэд нийгмийн эмзэг бүлэг, ядуусын өмнөөс төрд хандан дуу хоолойгоо нэгтгэж, нийгмийн хамгаалал, халамж шаарддаг болжээ.
Төрийн үйл ажиллагаа юуны түрүүнд нийгэмд хамаатай. Нийгмийн хангамж , орон сууц, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, соёлын бодлого зэрэг нийгмийн үндсэн асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцоо зайлшгүй чухал үүрэгтэй. Бид ч тэгэх ёстой гэж төрд татвар төлдөг.
Социал демократ нь нийгмийн бүх хүрээг ардчилсан байх үе шат ба энэ нь нийгмийн өөрчлөлтийн дээд шат. Энэ тийм ч алс хэт ирээдүйн зөгнөл мөрөөдөл биш юм. Уг үзэл баримтлалын төвд бие хүний үндсэн эрх , эрх чөлөөг эргэлт буцалтгүй хангасан байх тухай асуудлыг тавьдаг. Үүгээрээ, тухайлбал консерватив үзлээс ялгаатай. Өнөөгийн дэлхий ертөнцийн шүдний өвчин болоод байгаа капиталист нийгмийг социал демократ чиг баримжаатай болгон хувьсгах үндсэн арга нь реформ, шинэчлэл юм.
Нийгмийн халамжийн сүлжээг бий болгож үнэ төлбөргүй боловсрол, бүх нийтийн эрүүл мэндийн хамгааллын тогтолцоог гаргаж ирэх. Бизнесийн таатай орчин, тэтгэврийн маш сайн бодож боловсруулсан тогтолцоо, чөлөөт худалдаан дахь саадыг арилгах буюу хүнд суртлыг устгах. Худалдаа, үйлдвэрлэлд тавих хяналтыг багасгаж, авилга бий болох нөхцөлийг арилгах.
Мөн нийгмийг өөрчлөх чухам энэ хэлбэр, аргыг түүхийн үүднээс тууштай баримталж олон талаас нь боловсруулж ирснээрээ социал – демократууд нь улс төрийн бусад чиглэлийн реформоос ялгагдана.
Харин социал демократ намууд цаг үеийн шинжтэй нөхцөл байдалд амархан дасан зохицдог бөгөөд хямралын дараах иргэдийн сэтгэл зүй, эдийн засгийн хүндрэлийг уян хатан бодлогод тулгуурлан шийдэх, эсвэл түр намжаах нийтлэг аргыг ашигладаг. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш социал демократуудын нэгдүгээр давалгаа өрнөжээ. Энэ үед социал демократ намууд улс төрийн хувьсгалын зорилтоос ухарч, парламентын засаглалд нийцсэн социализмыг байгуулах бодлого баримтлав. Зарим тохиолдолд парламент ёс, хувьсгалын зорилгыг агуулсан бодлого хэрэгжүүлж байв. Дайны дараах аж үйлдвэржсэн нийгмийн сэргэн мандалтыг дагаад социал демократиуд парламентын сонгуульд ялалт байгуулж олонхийн саналыг авч эхлэв. Үүний хамгийн тод жишээ нь Герман, Австрийн социал демократ намууд сонгогчдын 30% ийн саналыг авч байлаа. 1920иод оны дунд үеэс эхлэн социал демократууд европ даяар хүчирхэгжиж эхлэв. Чех, Герман, Франц, Англи, Дани, Норвеги зэрэг улсуудад Социал демократууд засгийн газарт нөлөөлөхүйц хэмжээнд хүрч тэдэнд өөрсдийнхөө шаардлагыг хүргүүлэн цалинтай чөлөө олголт, ажлын цагийн хуваарь, тэтгэвэрийн тогтолцоо зэргийг хөндөж нийгмийн реформ хийхийг оролдож байв. Тухайн үед өөрсдийнх нь төлөө дуугарсан социал демократуудыг дэмжих ёстой ажилчин анги католик болон коммунист намуудыг дэмжиж байв. Тэдний эхний давалгааны амжилт их хямралаар төгсгөл болов.
Хоёрдугаар давалгаа социал демократуудыг улс төрийн нам байгуулах хэлбэрийг сонгоход хүргэв. Тэд бүх анги давхрагынханы саналыг авахын тулд ингэх хэрэгтэй байлаа. Шинэ стратегийг Скандинавын орнууд их хямралын үе буюу 1930 аад оноос хойш хэрэгжүүлж Их Британи, Франц, Австри, Белги, Герман, Итали, Швейцарь улсад нэвтрүүлэв.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа ажилчин анги нийгэмд олонхи болж чадахгүйг ухаарсан социал демократууд уламжлалт анги давхрагуудын саналыг авахаар мэрийж эхэллээ. Социал демократ намууд зах зээлийн эдийн засгийг тогтворжуулах, халамжит төр буюу нийгмийн сайн сайхны төр байгуулах, төрийн өмчит монополь компаниудыг төрүүлэх, макро эдийн засгийн менежментийг шаардах, эрх чөлөөт бодлого бүхий жендерийн эрх тэгш байдлыг төлөвшүүлэх асуудалд голчлон анхаарч байв. Бүх нийтийг хариуцсан халамжийн бодлогоос шалтгаалаад баруун төвийг дэмжсэн дундаж давхрагынханы байр суурь, давуу талууд өөрчлөгдөн хувьсаж эхлэв.
1970-аад оноос европ тивийг хамарсан улстөр, нийгэм, соёл, эдийн засаг, үндэстэн ястны интеграци бүхий даяарших үйл явц явагдсанаар коммунист үзэл баримтлал уналтад орж социал демократ үзэл баримтлал руу шилжих эсвэл зайгаа тавьж өгөх болсон байв. Энэ цаг үеэс эхлэн дундаж давхрагыг дэмжсэн гурав дахь эрин эхэлжээ. Шинэ эринд ногоон хөгжлийг дэмжсэн хүрээлэн буй орчны үзэл , тэнцвэртэй үнийн бодлого, нийлүүлэлтийн бодлогоор баяжсан социал демократ үзэл баримтлал бий болсон. Үр дүнд нь 1998 он гэхэд Испани, Норвеги, Исландын социал демократ намууд засгийн газар дахь олонхийн байр сууриа хадгалсан бол Их Британи, Португаль, Швед, Грек улсын социал демократ намууд засгийн эрхийг барьж, Австри, Бельги, Финланд, Швейцарь улсын социал демократ намууд эвслийн засгийн газрыг хамтран барьж байв. Эдгээр үйл явцаар дүгнэвэл дэлхийн нэг хоёрдугаар дайн, хүйтэн дайны үеийн социал демократ намууд дунджаас дээш давхарга, төр нийгмийн албаны ажилтнуудыг эгнээндээ нэгтгэж даяаршлаас шалтгаалсан өөрчлөлтөд дасан зохицсон олон талт бодлогыг хэрэгжүүлжээ.
Өнөөгийн дэлхий ертөнцийг хөгжлөөрөө өнгөлж яваа улсууд социал демократ улс төрийн бодлого, платформоор эдийн засагтаа капиталист боловч ядуус болон эмзэг бүлгийнхэнийг хамгаалах зохицуулалтыг хийжээ. Нийгмийн баялагыг нийтийн сайн сайхны төлөө зарцуулах, ажилчдын эрх ашгийг ҮЭ –ээр дамжуулан хамгаалах зэргээр бизнесийн салбарт мөлжлөг гаргахгүйн тулд тохируулсан байх аж. Улс тус бүрийн онцлог чиг баримжаатай нийгмийн ардчилалыг тэд хөгжүүлжээ.
НОРВЕГИ
Норвегийн Хөдөлмөрийн нам 130н жилийн түүхтэй, улстөрийн хүчирхэг нам. Халамжит төрийг төлөвшүүлснээр нийгэмд баян хоосны ялгаа, ажилгүйдлыг арилгасан. Норвегичүүдийн 75% ажлын байраар хангагдсаны дотор дээд боловсролтой иргэдийн 88% ажилтай гэдэг үзүүлэлт дэлхийн дунджаас хавьгүй илүү байгаа ажээ. Норвегийн Хөдөлмөрийн нам 2021-2025 оны мөрийн хөтөлбөртөө ажлын байрны баталгаа, иргэний эрх ашгийг хангасан, нийгмийн хамгааллын бодлогыг хөхүйлэн дэмжсэн халамжит төр, уур амьсгалын өөрчлөлт гэсэн гурван зүйлийг тусгажээ. Норвегичүүд дэлхийн хамгийн том баялаг санг эзэмшдэг.
ДАНИ
Данийн социал демократ загвар гэмээр зүйл нь тэдний ТББ-ууд, элдэв сонирхлын бүлгүүд маш идэвхтэйгээр нийгэмдээ оролцож нөлөөлж байдаг. Тиймдээ ч улс төрийн намуудаас хавьгүй илүү ҮЭ-ийн нэр хүнд өндөр. Гурвалсан гэрээнд ажлын нөхцөл, цалингаас гадна боловсрол, эрүүл мэнд гэхчлэн чухал салбарын бодлогын зохицуулалтыг тусгана. Ажил эрхлэгчдийн 67.4 хувь нь ҮЭ-д гишүүнчлэлтэй.
Татвар хэдийгээр өндөр байдаг ч ард иргэддээ үзүүлэх халамж үйлчилгээний бодлогоо зөв зохистой зохион байгуулж, хэрэгжүүлж чадсанаараа иргэд амар тайван орчинд, нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, үнэ төлбөргүй сурч боловсрох боломжтой. Данийн социал демократ нам үзэл баримтлалын чиг шугамдаа тодорхой өөрчлөл оруулж байсан хэдий ч эрх чөлөө, тэгш эрх, эв санааны нэгдэл гэсэн тулгуур зарчимаа орхигдуулаагүй.
ШВЕД
Дэлхийн нэгдүгээр дайнаас өмнө Шведийн таван хүн тутмын нэг нь АНУ-д хөдөлмөр эрхэлдэг байв. 1890-ээд оноос эхлэн боловсролын болон аж үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжин 20-р зуунд Швед улс нь эдийн засаг, нийгмийн хамгааллын хувьд хүчирхэг улс болон дэлхийн тавцанд гарч ирсэн бөгөөд өнөөдөр НҮБ-ын хүний хөгжлийн индексээр байнга дээгүүр бичигдэх түвшинд хүрсэн. Хувийн хэвшил аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 90 хувийг гаргах бөгөөд үүнд инженерийн салбар тэн хагасыг нь эзлэнэ. Татвар өндөр, нийт цалингийн 35% татварт өгдөг хэдий ч . залуу хосыг дэмжих зорилгоор тэдэнд үнэгүй байр өгөх бөгөөд өөрсдийн шинэ байрыг худалдаж авах хүртэл байлгаад дараагийн хосуудад өгөх гэх мэт нийгмийн халамжийн бодлоготой.
ФИНЛАНД
Тэтгэвэрийн нийгмийн даатгалын тогтолцоогоор бусад улсаас ялгардаг. Финландын социал демократ нам нь дэлхийн бусад социал демократуудаас ялгаатай нь хөдөлмөрчин ангийн эрх, татварын бодлого зэргээс илүүтэйгээр бүх нийтийн чанартай боловсролыг хүртээмжтэй болгох зорилтыг нэн тэргүүнд тавьж, нийгмийн халамжийн үйлчилгээний боловсролын системийг амжилттай хэрэгжүүлжээ.Өндөр технологи бүхий аж үйлдвэр, нийтийн боловсрол, ДНБ-ий өсөлтийн хурд, иргэний эрхийн хамгаалалт зэргийн олон улсын харьцуулалтаар маш өндөр үнэлгээ авдаг.
Дэлхийг нөмөрсөн цар тахал хүний ертөнцийн хамгийн эмзэг цэгүүдийг илүү хүчтэй нэрвэж нийгмийн оршихуйд заналхийлж эхлэв.
Цар тахлаас айж эмээсэн улс орнууд хил гаалиа хааж лацдаж, ломбодоод түлхүүрийг нь залгичихав. Өнөө дэлхийг хамарсан наймаа панзааны даяаршил үгүй болж оронд нь үндсэрхэг эдийн засаг толгойгоо өндийлгөж улс хоорондын худалдаа, бараа таваарын эргэлт, аялал жуулчлал таг зогсов. Даяаршсан эдийн засагтай улс орнууд эдийн засгийн хүндрэлтэй тулгарч гадаадын олдоц муудсан ганган чамин таваарын үнэ хаданд гарч, түүнийг дагаад дотоодын таваарын үнэ модонд морилчихов. Иргэдийн худалдан авах чадвар эрс суларч, нийгмийн дундаж давхарга маш хурдтайгаар доош гулсан унаж, эмзэг ядуу бүлгийнхэнд хоногийн хоолоо олоход бэрх болж ирэхээр тэдэнд нийгмийн халамж зайлшгүй болж эхлэхээс яахав. Ийм үед л социал демократуудын санал болгодог нийгэм рүү чиглэсэн бодлого хэрэг болдог. Либералиуд шиг ” Сүргийн дархлаа” ” Байгалийн шалгарал” -д орхиод зугтана гэж юу байх вэ дээ. Зуднаар зоолдог ноход шиг тахал далимдуулан хөлжигсөд гарч ирсэнээр баян хоосны ялгаа улам холдов.
Ийнхүү нийгэм аврал хайж эхлэв. Аврагч нь хэн байж болох вэ?
Өнгөрсөн жилийн Германы Бундестагийн сонгуульд оролцсон “Ирээдүй, Хүндлэл, Европ” гэсэн уриатай Германы социал демократ нам ялалт байгуулж Олаф Шольц канцлер болов. Ялалтын хүчин зүйлүүдийн нэгийг цар тахлын эсрэг Ангела Меркелийн Засгийн газраас авч буй арга хэмжээнд Германы сонгогчид хангалтгүй гэсэн дүн тавьсан юм гэж
Кембрижийн их сургуулийн судлаач Угир Текенир үзсэн байна.
Социал Демократ Нам-ыг дэмжиж буй сонгогчид зохистой цалин хөлстэй болгох, өндөр насны тэтгэвэр, гэр бүлийн бодлого, хүүхэд хамгааллын бодлого зэрэг асуудлыг шийдэж чадна гэдгээр нь сонгосон хэрэг.
Францын ерөнхийлөгчид нэр дэвшсэн Эмануэль Макроны сонгуулийн хөтөлбөр мөн л зүүний үзэлтэй байсан учираас тэр Жо Байдены утсыг ч авах завгүй Эйфлийн цамхагт баяраа тэмдэглэж байгаа биз. Түүний мөрийн хөтөлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, бага орлоготой ажилчдын цалинг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн албан журмын даатгалаар төлөх үйлчилгээний өргөтгөл, багш, цагдаа нарын тоог нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйд хөрөнгө оруулалт хийх гэх мэтчилэн заалтууд багтаж байв.
Ийнхүү төрийн оролцоотой зах зээл, нийгмийн халамжинд тулгуурласан үзэлтэй социал демократуудад нийгэм итгэл өгч эхлэв. Цар тахал, улс хоорондын мөргөлдөөнөөс үүдэлтэй дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орж, бараа таваарын эргэлт буурсан үзүүлэлттэй хүндхэн байгаа энэ нөхцөл социал демократуудад итгэх итгэлийг бий болгож байгаа юм. Яагаад гэвэл тэд хүнээ хаядаггүй юм, Либералиуд шиг иргэдээ онцолж үздэггүй юм.
11 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.