Хөгжлийн банкны хөрөнгийг хэдхэн хүн хувийн компани мэт хэрэглэн АТГ, хууль хяналтын байгууллагын зүгээс зарим чанаргүй зээлдэгчдийн дансыг хязгаарлаж, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх арга хэмжээ авч, нэгжлэг хүртэл явуулж эхэллээ. Нэг үгээр төр эл асуудлыг анхааралдаа авч богино хугацаанд жинхэнэ төмөр нүүрээ гарган ажиллаж байна.
Тэгвэл тус банкны найдваргүй зээлдэгчдийн нэг нь Чингис хаан банк. Гэвч тус банкинд эрүүл мэндийн даатгалын 27.4 тэрбум төгрөг ч авлага болон нэхэгдсээр хэдэн жилийг барлаа.
Мэдээж энэ хугацаанд ЭМДЕГ-аас шүүхэд хэд хэдэн удаа гомдол гаргасан ч, Чингис хаан банк давж заалдсаар энэ хүрсэн байдаг. Өөрөөр хэлбэл, яг л Хөгжлийн банкны операциор даатгуулагчдын мөнгөн хөрөнгө салхинд хийсэх нөхцөл байдал үүсээд байна.
Иймд, төр засгаас эл асуудлыг шийдвэрлэх ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж, даатгуулагчдын хөрөнгийг зүй ёсоор нь зарцуулах боломж нөхцөлийг хангаж өгнө үү, Засгийн газрын тэргүүн ээ…
Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдах үед буюу 2017 оны 12 сарын 31-ний өдөр Чингис хаан банкинд байршиж байсан 43.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө Нийгмийн даатгалын ерөнхий газраас ЭМДЕГ-т шилжин ирсэн.
Гэтэл Чингис хаан банк нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл ЭМДЕГ-аас гаргасан төлбөрийн хүсэлтийг биелүүлж цувуулан төлж байсан ч 2019 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн тус хөрөнгө “буруу замруу” орж эхэлсэн байдаг.
Иймд ЭМДЕГ тус банкинд байршиж байсан үлдэгдэл төлбөр болох 27.4 тэрбум төгрөгийн үлдэгдлийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн.
Харин тус шүүх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч Чингис хаан банк Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Хариуцагч Чингис хаан банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан.
Гэвч тус шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэлт удаашралтай байгаагаас шалтгаалан шүүх хурлын тов тодорхойгүй байна.
Харин ЭМДЕГ-аас өнгөрөгч оны 10 сарын 29-ний өдөр Хүсэлт гаргах тухай албан бичгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандан нийтийн эрх ашгийн үүднээс иргэний хэргийн дарааллыг урагшлуулж, яаралтай хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хэргийг хүлээн авсан цаг хугацааны дарааллаар шийдвэрлэдэг гэх хариуг өгчээ.
Гэсэн ч ЭМДЕГ-аас өнгөрөгч оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд хандан хариуцагч талын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх дарааллыг урагшлуулах боломжийг судлахыг хүсэлтийг дахин гаргажээ.
…Гэтэл асуудал ӨНӨӨДӨР бахь байдгаараа. Цаг хугацааны хайчинд эвхэгдэн ямар нэгэн шийдэлд хүрэхгүй, даатгуулагчдын эрүүл мэнддээ хадгалуулсан хөрөнгө ганцхан арилжааны банкны “хоол” болчихоод байна.
Энд нэг зүйлийг онцлоход, татвар төлөгч Бид мөнгөө төлсөн, харин Төр хадгалах, хуримтлуулах үүргээ алдчихаад байна. Тиймээс Монголын төр засаг Чингис хаан банкаас 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 01 сарын 31-ний хооронд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд 3.5 тэрбум төгрөгийн хүү тооцон ЭМД-ын санд бүртгэгдсэн энэхүү хөрөнгийг хуулийн дагуу шийдвэрлэж, ганц арилжааны банкнаас улсынхаа мөнгийг хураан авна уу.
7 цагийн өмнө
11 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87363
30392
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.