Эрүүл мэндийн яамны долоо хоног бүрийн баасан гаригийн ээлжит хэвлэлийн бага хуралд Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа оролцож, халдвараас сэргийлэх талаарх зөвлөмжийг өглөө.
Тэрбээр “Коронавируст халдвар удаан үргэлжилж, Омикрон хувилбарын тархалт эрчимтэй явж байгаа энэ үед ард иргэддээ зориулж тодорхой зөвлөмжүүд өгье гэж бодлоо.
Хүн амын дунд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдээд байгаа. Дэлхийн улс орнуудад коронавирусийн халдвар гарч эхэлснээс хойш хамгийн эрчтэй, хурдтай, тархалт ихтэй давлагаа явагдан, үргэлжилж байна.
Манай улсад өдрөөс өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 2-3 дахин нэмэгдэж байна. Шинжилгээнд эерэг эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал, ард иргэдийн эмнэлгийн тусламж авах эрэлт хэрэгцээ нэмэгддэг.
Бид цар тахалтай тэмцээд хоёр жил болж байна. Дэлхий нийтээрээ хэрхэн сэргийлэх талаар мэдээлэлтэй болж суралцсан. Энэ үед зөвхөн эрүүл мэндийн байгууллагынхан биш ард нийтээрээ халдварын эсрэг тэмцэх ёстой.
Омикрон хувилбарын халдварын нууц үеийн хугацаа богино буюу 2-4 хоног байгаа гэсэн ч халдварлах чадвар өндөр байгаа учраас хаана олон хүн цугласан байна тэнд халдварын голомт үүсэж байна.
Халдварын өргөн тархалтын үед эмнэл зүйн шинж тэмдэггүй, хөнгөн балархай хэлбэрээр өвчилж байгаа хүмүүс 30-аас дээш хувийг эзэлчихдэг. Тийм учраас хавьтал болсон иргэн шинж тэмдэггүй боловч, халдвар тараагаад яваад байх боломжтой. Хажуудаа байгаа шинж тэмдэггүй хүнээс ч халдвар авах магадлалтай гэсэн үг. Тэгэхээр хаана ч байсан халдварт өртөхөөс сэргийлэн халдвар хамгааллын дэглэмийг баримталж байх хэрэгтэй.
Албан газар бүр халдвараас сэргийлэх, аль нэг хэсэг, нэгжид нь халдвар гарахад ямар арга хэмжээ авах талаар төлөвлөлттэй байх хэрэгтэй байна.
Халдвараас сэргийлэх дараагийн чухал алхам бол дархлаагаа дэмжиж юм. Дархлаа дэмжих гэдэг нь дусал, тариа, витамин хийлгэхийг хэлэхгүй бөгөөд халуун бүлээн хоол хийх, өдөр унтах, орой эрт унтахыг хэлнэ. Мөн бухимдахгүй, тайван байхад анхаарах хэрэгтэй.
Томуугийн өвчлөлийн үед халдвар авсан хүмүүсийг нэг бүрчлэн тоолох боломжгүй байдаг. Тийм учраас PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж, шинжилгээнд эерэг эзлэх хувьд үндэслэн дэгдэлтийг тандаж, хянаж байгаа.
Вакцин хийлгэснээс 7-14 хоногийн дараа эсрэг бие үүсэж, дархлаа тогтдог. Гэтэл өнөөдөр вакцин хийлгэсэн гээд хаа хамаагүй явж байгаад маргааш, нөгөөдөр нь халдвар авахаараа вакцинд буруу өгөөд байна. Коронавирусийн халдварын эсрэг вакцин хийлгэснээс хойш тодорхой хугацааны дараа дархлаа тогтоно гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас хэлсээр ирсэн.
Удахгүй манай уламжлалт Цагаан сарын баяр болно. Энэ баяраа гэр гэртээ, ахмад настан, хамаатнуудтайгаа цахимаар золгон цаг үеийн нөхцөл байдалтайгаа зохицуулан баярлахыг уриалж байна” хэмээн ярилаа.
6 цагийн өмнө
8 цагийн өмнө
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.