Т.Баярхүү: Нийтээр нь хаах, хязгаарлахаас татгалзана

2022-01-5 Засгийн газар


Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулан УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “КОВИД-19 халдварын тархалтын түвшинд дундажлан хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам буюу бидний хэлж заншсанаар Ногоон, Шар, Улбар шар, Улаан түвшний зохицуулалтууд нь вакцинжуулалт хийгдээгүй, вирусийн нөхцөл байдал төдийлөн танигдаагүй үед боловсруулагдаж, тухайн үедээ үүргээ гүйцэтгээд дууссан гэж үзэж байгаа.

Нөхцөл байдалтай уялдуулан уг журмыг шинэчлэх шаардлага тулгарсан. Ингээд УОК-оос уг журмыг шинэчлэн боловсруулж өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулан, батлагдлаа. Журам албажиж гарсны дараа дэлгэрэнгүй танилцуулна. Эхний ээлжид зарим мэдээллийг тодруулж өгье. Өмнөх журмын хүрээнд улбар шар түвшинд зайлшгүй ажиллах шаардлагатай ААН, байгууллагууд буюу банк, онцгой байдал гэх мэтийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан нь хэвээр мөрдөгдөнө. Улбар шар түвшинд 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар заасан байсан бол шинэ журмаар 15 төрөл болгож буурууллаа. Тухайлбал, кофе шоп, ресторан, паб хариуцлагын гэрээ байгуулан 50 хувийн дүүргэлттэй ажиллана.

Шар түвшинд таван чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлахаар зохицуулсан байсан бол шинэ журмаар хязгаарлалтгүй болж байгаа. Зөвхөн мэргэжлийн байгууллагын халдвараас сэргийлэх заавар, зөвлөмжийг баримталж ажиллана.

Шинэ журамд орж байгаа бас нэг өөрчлөлт нь эрүүл мэндийн байгууллага, ХӨСҮТ, ЭМЯ өөр өөрийн шатанд тархалтын ногоон, шар, улбар шар, улаан түвшинг тогтоон онцгой комисст өгнө. Үүнийг үндэслэн тодорхой зохицуулалтууд хийгдэнэ. Нийтээр нь хаах, хязгаарлахаас татгалзана.

Төрийн байгууллага хуулийн этгээдэд тавигдах найман шаардлагыг цуцалж, таван шаардлагыг өөрчилсөн. Хуулийн этгээд халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг өөрөө авч хэрэгжүүлэх байдлаар журмыг боловсруулан батлууллаа” хэмээн ярилаа.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.