Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүлсэн талаар мэдээллээ.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, чуулганы Дэгийн тухай хуульд заасан яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүллээ. Өнөөдөр УИХ-ын түр хороо хуралдана. Түр хороо дүгнэлтэй гаргасан тохиолдолд чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэнэ. Тогтоолын төслийн агуулга нь 2019 оны УИХ-ын Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газар болон Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаададын хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн саналыг харгалзан дараах арга хэмжээг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газар зөвшөөрч байгаа.
Үүнд:
-Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
-ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;
-Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
-Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
-“Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюу Толгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
-Татварын актын биелэлтийг хангуулах
Дээр дурьдсан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дууссанаар УИХ-ын 2019 оны Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж үзнэ” гэлээ.