Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардлын 80-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцаж байна

2021-12-21 Мэдээ мэдээлэл
Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардлын 80-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцаж байна

ЭМД-ын хүртээмж иргэдэд хэрхэн нөлөөлж байна вэ? Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ямар төрлийг даатгалын сангаас хэрхэн хариуцаж байгаа талаар та бүхэнд цуврал мэдээлэл хүргэж байна. Энэ удаад ЭМДЕГ-ын Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг  “Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ”-ний талаар мэдээлэл өглөө.

Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний зардлын 80-100 хувийг ЭМД-ын сангаас хариуцаж байна

ЭМД-ын сангаас лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний зардлын төлбөр болон хөнгөлөлттэй эмийг тус тус санхүүжүүлж байгаа. Үүн дотроо хэвтүүлэн эмчлэм тусламж, үйлчилгээний дараах төрлүүдийг ЭМД-ын сангаас хариуцаж байна. Тодруулбал,

  • Эрчимт эмчилгээ
  • Эмийн эмчилгээ
  • Мэс засал
  • Эрхтэн шилжүүлэх мэс засал
  • Хорт хавдрын хэвтүүлэн эмчлэх хими, туяа эмчилгээг санхүүжүүлж байна.

Өмнө нь эдгээр үйлчилгээг хамтын төлбөр төлөх буюу иргэд өндөр төлбөр төлдөг, ихээхэн ачаалал үүсгэдэг байсан бол 2021 оноос эхлэн ЭМД-ын сангаас төлбөрийн зардлыг 80-100 хувь хариуцаж байна.

Эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ 

Эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг даатгалын сангаас хариуцдаг болсонтой холбоотойгоор энэ онд элэг шилжүүлэн суулгахад 27 хүнд, бөөр шилжүүлэн суулгахад 12, улсын хэмжээнд нийт 39 эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээг үзүүлжээ. Үүнд хамтын төлбөр 70/30 гэсэн харьцаатай буюу даатгалын сангаас 70 хувийг нь хариуцаж нийтдээ 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Өмнө нь эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний урсгал гадагшаа байсан бөгөөд иргэн даатгуулагчид зөвхөн тусламж үйлчилгээний зардалд 100-150 сая төгрөг зарцуулдаг байсан бол энэхүү тусламж үйлчилгээг ЭМД-ын сангаас хариуцдаг болсноор дотооддоо эмчилгээ, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр авах боломж бүрджээ.

Тархины харвалт, шигдээсийн үеийн тусламж үйлчилгээнд 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон

2021 оны эхний 10 сарын байдлаар тархины цус харвалт, шигдээстэй холбоотой 2863 даатгуулагч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны 519 буюу 18 хувь нь амбулаторийн тусламж үйлчилгээ авчээ.  Нийтдээ 1.8 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ЭМДЕГ-т ирж, чанар төлбөрийн хяналтыг хэрэгжүүлсэн байна.

Тархины цус харвалт, шигдээсийн үед зөвхөн мэс засал бус амбулаторийн үзлэг, яаралтай тусламж үйлчилгээ, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ, эмийн эмчилгээ, эрчимт эмчилгээ зэрэг үйлчилгээнд даатгалын сангаас санхүүжилт гаргаж байгаа. /Зургаас харна уу/

Эдгээр тусламж үйлчилгээнд хамрагдахын тулд иргэдээс юу шаардах вэ? 

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй байдаг. Уг хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж нээгдэнэ.

Та өөрийн ЭМД-ын шимтгэлийн дутуу төлөгдсөн саруудаа Е-Mongolia апплейкэшний Эрүүл мэнд цэснээс хурдан шуурхай, үнэ төлбөргүй шалгах боломжтой. Даатгуулагч нь аливаа эрүүл мэндээс үүдэлтэй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, шимтгэлээ цаг тухай бүрт нь төлснөөр ямар ч гэнэтийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаараа хөнгөлүүлэн авах боломжтой юм.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.