Хуучин цайны ханд шивэр арилгана

2021-12-8 Амрах агшин

Цаасан уутанд савласан цайг бид их л сайндаа ганц хоёр хэрэглээд л хогийн сав руу чулууддаг. Зарим нэг нь нүдний ядаргаа тайлах жин тавих гэх мэтээс хэтэрдэггүй. Тэгвэл хатаж хуучирсан цайг гэр ахуйд хэрэглэх түмэн арга байдаг аж. Маш хямд төсөр бөгөөд тун ашигтай энэ аргуудыг мэдэж авснаар цаасан ууттай цай эзэгтэй таны байнгын хэрэглээ болох болно.

-Сахал үс хусч байгаад ялимгүй зүсч шархалсан үед хуучин цайгаа норгож байгаад жин тавибал өвчнийг нь намдаана. Наранд түлэгдсэн, шархалсан гээд эрүүл мэндийн жижиг гэлтгүй асуудлыг энэ мэтчилэн цайгаар шийдэж болдог.

-Хуучин цайны хандаараа сулхан цай найруулаад цэцэг ургамлаа услаад байвал элдэв мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг. Эсвэл хуучин цайгаа уутнаас нь гаргаад нойтон навчнуудыг нь ургамжлын үндэс хэсгээр дэвсээд өгвөл хөрсийг нь шавж хорхойноос хамгаалж, бордоо болж өгдөг.

-Цайны сайхан үнэр орчны ямар ч муухай үнэрийг дарж, цэвэрлэх шидтэй. Спорт гуталны үнэрийг дарахын тулд доор нь хуучин цай хийдэг бол хивс, шалавчийг ч хуучин цайгаар сайхан цэвэрлэж болно. Үүний тулд хангалттай хэмжээний хуучин цайг аяга усанд хийж хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Хөргөөж хадгалсан цайгаа уутнаас нь гаргаад бага зэрэг чийгтэй болтол нь хатаана. Чийгтэй цайгаа хивс, шалавчин дээрээ цацаад бүрэн хаттал нь хүлээх хэрэгтэй. Үүний дараа тоос соруулагчаар цэвэрлээд авах үед хивс үнэргүй болсон байх болно.

-Гэрт шингэсэн янз бүрийн таагүй үнэрийг дарахын тулд цайг яаж ч ашиглаж болно. Хогийн савыг үнэргүй байлгахын тулд ёроолд нь хуучин цай хийчихэж болно. Хөргөгчний үнэрийг дарахын тулд бас л хуучин цайны хандаа дотор нь хадгалж болно.

-Гэрийнхээ үнэрийг дарахаас гадна агаар цэвэршүүлэхэд цайг ашиглаж болно. Хуучин цайны уутан дээр бага зэрэг тос дусаагаад хаа нэгтээгээс өлгөчих. Тос нь хатахаар дахиад хэдэн дусал тос дусаагаад бай. Цай таагүй үнэрийг өөртөө шингээгээд агаар цэвэршүүлж байх болно.

-Хулгана цайны үнэрт дургүй байдаг гэнэ. Тийм болохоор хулганыг дайжуулахын тулд зүгээр л хуучин цайны ханд тавьчихдаг байна. Энэ нь хулгана мэтийн амьтдыг үргээхээс гадна аалз, шоргоолж мэтийн жижиг шавжийг ч гэрт орохоос сэргийлдэг байх нь.

-Их тостой, хоолны үлдэгдэл хатаж наалдсан аяга тавгаа цэвэрлэхийн өмнө усанд нь хэдэн хуучин цайны хандаа хийчихвэл маш амархан цэвэрлэгддэг.

-Сонгино, сармис, загас мэтийн үнэр гарт шингэсэн үед хуучин ууттай цайгаараа гараа үрэхэд үнэрийг нь дарна.

-Хөлний шивэр, таагүй үнэрийг арилгаж, арьсыг нь зөөлрүүлэхийн тулд угаах усандаа хуучин цайны хандаа хийж болно. Цай нь антиоксидант агуулдаг учир ваннд усанд орохдоо хуучин цайгаа хандлаад хийж болно.

-Хоёр гурван удаа хэрэглэсэн хуучин цайгаар сулхан цай найруулаад түүгээр шүдээ угаавал амны эвгүй үнэрийг дардаг байна. Гаатай эсвэл ногоон цайны ханд бүр сайн.

-Хуучин хандаар шингэн цай наруулаад үсээ шампуниар угаасны дараа ангижруулагч болгон хэрэглэвэл үс, хуйханд зэрэг тэжээл өгнө.

-Гэрийн модон тавилга, эд хэрэгсэл, эсвэл шалыг хуучин цайгаар найруулсан шингэн цайгаар арчиж угаавал өнгө ордог.

-Гэрийнхээ толь, цонх гээд шилэн эд хэрэглэлээ гялалзуулахыг хүсвэл шингэн цайгаар шүршиж байгаад арч.

-Цагаан цаас, эсвэл хувцсаа зааны ясан, цайвар шаргал өнгөтэй болгон өөрчлөхийг хүсвэл шингэн цай ашиглаж болно.

Хуучин цайг ашиглахгүй зүйл бараг байхгүй гэдгийг мэдэж авснаар танд эцэст нь нэг асуулт үлдсэн байх.

Цайны хандаа хэр удаан хадгалахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл нэг, хоёр удаа ашигласан цайны хандыг өрөөний температурт хамгийн ихдээ нэг өдөр л хадгалж болно. Түүнээс удсан бол хуучин гэж үзэх хэрэгтэй. Гэхдээ илүү олон удаа ашиглахыг хүсч байвал, мөөгөнцөр ургахаас сэргийлж, хөргөгчинд хадгалж болох юм.

Б.Номун

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.