Монгол Улсын нийслэлд цас оржээ. Нийслэл хог ачдаг хэдэн тэргээ гаргаж, замын цасыг хайлуулах арга хэмжээ авч эхлэв. Харин өнөөх тэрэгний хойд талын ачаан дээр ТҮК-ийн хоёр ажилтан хөлөө бохироод давсан дээрээ суучихсан баруун, солгойгүй давсаа атгаад шидлээд байдаг шүү. Хурдан хөдөлгөөнтэй ч гэж арга алга. Тэрхүү дөрвөн гарын хөдөлгөөнд нүд эрээлжлэх шиг. Үнэндээ 21-р зуунд, тэр дундаа улсын нийслэлд, бүр төв гудамжинд ийм дүр зургийг ганцхан манай улсаас л харах “ховорхон” агшин юмдаг уу. Энэ бол нийслэлийн ил харагдах дүр төрх.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт цар тахалтай хэдэн хоногоор битүү хамгаалалтын хувцастай нойр хоолоо хасан байж зүтгэх эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн төлбөр ч дутмаг байна. Тэд шагнал урамшуулал нэхсэнгүй. Зүгээр л илүү цагаар ажилласан төлбөр мөнгөө хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжээ цаг тухайд нь зүй ёсоор үнэлүүлж, авъя л гэж байгаа юм. Энэ бол нийслэлийн ганцхан салбарын дотоод “зовлон”.
Гэтэл ирэх оны төсөвт баахан овоолсон шаварт хэдэн тэрбумыг төсөвлөжээ. Тухайлбал, өнгөрөгч амралтын өдрүүдэд олны бухимдлыг барсан Тасганы овоон дэх 32 тэрбум төгрөгөөр барих Богд Зонхова бурхны хөшөө. Эл ажил нь 2015 онд “Гандантэгчэнлин хийд” орчмын гэр хорооллын шинэчилсэн дахин төлөвлөлтийг боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан. Тус төлөвлөлтөөр 55.8 га нутаг дэвсгэрт 1568 өрхийн 6740 иргэн оршин суухаар тооцжээ. Ингэхдээ барилгын давхрын дээд хязгаарыг таван давхар, барилгын өндрийн дээд хязгаарыг 15 метр байхаар төлөвлөсөн байдаг. 2012 оноос “Монголын зүрхэн шүтээн”, “Худалдаа үйлчилгээний гудамж”, “Гандантэгчэнлин хийд орчмын төв хаалгыг бүтээн байгуулах”, “Түүхэн байшин сууц, хашааг хадгалж хамгаалах”, “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд зонхова” цогцолбор” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улс, нийслэлийн төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, иргэдийн хандив тусламжаар хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд ийнхүү төслийн ажлыг эхлүүлэхээр ирэх онд 32 тэрбум төгрөг төсөвлөсөн ч цаг үеэ олоогүйг иргэд шүүмжилж, Соёлын сайд ч олны хэл амнаас тэгсхийв үү ямартай ч өөрийн цахим хуудсаар дамжуулан “Энэ хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” хэмээн мэдэгдлээ. Гэхдээ төсөв нэгэнт батлагдсан. Төсөвт хориг тавих эрхтэй ганцхан хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх. Тиймээс улсын төсөвт хориг тавьж, энэ мөнгийг эдийн засаг, эрүүл мэнд, боловсролд зарцуулна уу, Ерөнхийлөгч өө!
…Гэвч асуудал үүгээр дуусахгүй. Ирэх оны төсөвт хөрөнгө мөнгөө хүлээгээд чимээгүйхэн байх “шавар” олон байна. Үүнд, Дэлгэрхаан суманд эхлүүлсэн “Монголын нууц товчоо” цогцолбор барилгын зөвхөн гадна талын ажилд 2.7 тэрбум төгрөг, Норовлин суманд 2019 онд “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1.8 тэрбум төгрөгийн ажилд 650 сая төгрөг, тохижилтод 350 сая төгрөг, Биндэр сумын “Их хуралдай” цогцолборын барилгын зоорийн ажил, гадна тохижилт, шугам сүлжээний засварт 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Түүнчлэн ирэх онд шинээр барих 60 гаруй соёлын төвийн барилгын ажил эхэлнэ. Тэгэхээр нэг соёлын төвийн барилгын ажил дор хаяж 1-3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй гээд бодохоор татвар төлөгчдийн халааснаас хэдэн төгрөг гарч байгаа нь ойлгомжтой. Мөн 3,2 тэрбум төгрөгөөр айрагны гурван гэр барих гэнэ.
Үнэндээ яг өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл манай улсад дээр тодруулсан “зунгаа цэнгэлийн” ажилд хөрөнгө мөнгө зарцуулсан нь дээр үү, эсвэл цар тахалд жинхэнэ төрхөө харуулсан эмнэлгийн байгууллагын хүртээмжид анхаарах ёстой уу. Ядаж л хэдэн жил хэлхээтэй яс шиг салхи, шороонд дарагдсан Түлэнхийн эмнэлгийн барилгадаа ганц тоосго ч болов нэмэрлэхсэн. Цаашлаад ХӨСҮТ-өөс авахуулаад, олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна.
12 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.