ЭМЯ: Сүүлийн хоногт 1719 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас баржээ

2021-10-22 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.10.22/ мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1719 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн 1719 тохиолдлын 964 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 755 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин өнөөдрийн байдлаар 18.841 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад  52.399 хүн эмчлэгдэж байна. 

Эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсээс  

Хөнгөн 9043

Хүндэвтэр 7162

Хүнд 2269

Нэн хүнд 367 хүн байна.

Мөн 3226 хүүхэд, 1261 жирэмсэн эх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн сүүлийн 24 цагт 21-80+ насны 19 хүн ковид 19-ийн халдвараар нас барлаа. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 1,553 болов.

Түүнчлэн өнөөдрийн хурлаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна. Нэмэлт тунг хийлгэснээр халдвараас сэргийлэх боломж юм. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан. Мөн Хас банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан” гэдгийг тодрууллаа.

Мөн Ц.Төмөр-Очир Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга “Гуравдугаар төв эмнэлэг дөрөвдүгээр сараас эхлэн коронавирусийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Энэ хугацаанд 1800 орчим иргэдийг эмчлээд байна. Эмчлүүлж буй иргэдийн 18-20 хувь нь нэн хүнд байгаа бол, хүнд болон хүндэвтэр иргэн 60-70 хувийг эзэлж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлзүйн зөвлөх баг ажиллаж байна. Зөвлөх баг ковид-19-ийн оношилгоо, зөвлөмжид үндэслэж заавруудыг шинэчилж боловсруулдаг. Халдвар хамгааллын дэглэмийг иргэд мөрдөж хэвших хэрэгтэй. Нэг хүн шинжилгээ хийлгэхээ ирэхэд хамт 5-6 хүн дагаж эмнэлэгт ирдэг. Эмнэлэг бол эрүүл мэндийн байгууллага, халдварын хамгийн эрсдэл. Иймээс нэн шаардлагатай тохиолдолд дагаж явах хэрэгтэй. Түүнчлэн эрсдэл өндөртэй, суурь өвчтэй, өндөр настай хүмүүс гуравдугаар тунг заавал хийлгэх шаардлагатай” хэмээн онцлов.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.