Б.Буянтогтох: Өнөөдрийн байдлаар Ковид19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна

2021-10-15 Мэдээ мэдээлэл

Б.Буянтогтох: Нийслэлд Ковид19-ийн тархалт тогтворжиж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 2076 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 1113 нь нийслэлд бол орон нутагт 963 тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн 16 хүн коронавируст халдварын  улмаас нас барсан байна.

Энэ үеэр эмнэлгийн ор зохицуулалтын талаар тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.

Тэрбээр “ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаад 10 гаруй хонож байна. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. Орны нэгдсэн зохион байгуулалтад орсноор эхний ээлжид улаан эрэмбийн ангиллын хүмүүс буюу нэн шаардлагатай иргэдийг хэвтүүлэх боломж нээгдсэн. Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдийн ихэнхийг эмнэлэгт хэвтүүлж, тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Ковид19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна. Нийт хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 орчим хувь нь хүнд хүмүүс байна. Дэлхийн дахинд бол эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Манайд хүнд, хөнгөн, хүндэвтэр гээд бүх ангиллыг хэвтүүлж байна. Нийслэлд халдвар буурах хандлага ажиглагдаж байгаа юм. Тиймээс нийт иргэд гурав дахь тундаа хамрагдах нь их чухал байна” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.