2021-2022 оны хичээлийн шинэ жил эхлээд сар гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд ЕБС-ийн сурагчид болон оюутнууд цахим болон танхим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа бол 4-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлсэн. Харин 2-3 насны хүүхдүүд ясли, цэцэрлэгт хамрагдахыг түр хугацаанд хязгаарлаад буй. Гэхдээ ирэх сарын 1-нээс энэ насны хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар судалж байгаа талаар Боловсрол шинжлэх ухаанны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Энэ талаар болон бусад асуудлаар түүний тодруулгыг хүргэж байна.
-Одоо өргөн бариад буй Боловсролын тухай багц хуульд сургуулийн өмнөх насанд өөрчлөлт оруулсан талаар мэдээлж байсан. Энэ талаар тодруулна уу?
-Эрх баригч намын мөрийн хөтөлбөрт яслийн тогтолцоог эргэн сэргээнэ гэсэн заалт бий. Гэхдээ ер нь цөөхөн улс орон яслитай байдаг юм билээ. Энэ бол хуучин социалист тогтолцооны үеийн ойлголт. Одоогоор Франц л ийм тогтолцоотой байгаа. Харин дэлхий нийтийн боловсролын төвшинд 3-5 насыг сургуулийн өмнөх гэж тодорхойлдог. Одоогоор 160 гаруй орон энэхүү тогтолцоогоор явдаг. Бид эл жишгээр УИХ-д өргөн барьсан Боловсролын тухай багц хуульд сургуулийн өмнөх насыг 3-5 болгосон. Одоо бол 2-5 нас байгаа шүү дээ. Тиймээс энэ асуудал нь нэлээд хэлэлцүүлэг шаардсан ажил болох байх. Хэрвээ бидний өргөн барьсанчлан эл насыг 3-5 болговол хуулийн шилжилтийн үед буюу 3-5 жилийн хугацаанд тодорхой зохицуулалтуудыг хийнэ. Өөрөөр хэлбэл, эл хууль батлагдлаа гээд хоёр настны буюу яслийн ангиа маргааш нь хаана гэсэн үг биш юм.
Ер нь 0-2 насыг мэргэжилтнүүд хүүхдийн алтан үе гэж тодорхойлдог юм билээ. Тэр утгаараа энэ насны хүүхдүүдийн асаргаа сувилгаа болон боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудлыг нь нэн тэргүүнд анхаарах шаардлагатай. Тиймээс бид 0-2 насны хүүхдийн цогц хөгжлийн хөтөлбөрийг бэлдэж, судалгаа хийж эхэлсэн байгаа. Энэ хүрээнд цаашид яслиа үргэлжлүүлэн явуулах уу, эсвэл өдөр өнжүүлэх үйлчилгээ хэлбэрээр үү гэх мэт асуудлыг шийдвэрлэх болно.
–Ирэх сарын 1-нээс 2-3 насны буюу яслийн хүүхдүүдийг танхимд хамруулах талаар салбар яамнаас мэдэгдээд байгаа. Энэ асуудлыг дэлгэрүүлвэл?
-Ковид19-ийн нөхцөл байдлын улмаас 4-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулаад, 2-3 настнуудыг түр хугацаанд азнасан. Гэхдээ хичээл эхэлснээс хойш Ковид19-ийн халдвар авч байгаа хүүхдүүдийн тоо өсөөгүй. Өөрөөр хэлбэл, нийт халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүүхэд байсан бол одоо 18 хувь болж, харьцангүй буурсан байна. Мөн 0-11 насны хүүхдүүдээ томуугийн вакцинд хамруулж байгаа. Хоёр, гурван настай хүүхдүүдийн 90 орчим хувь нь томуугийн вакцинд хамрагдсан. Тиймээс ЭМЯ, БШУЯ, УОК-оос эрсдэлийн үнэлгээ хийнэ. Улмаар эрсдэлгүй гэсэн үнэлгээ гарвал ирэх сарын 01-нээс хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдэнэ гэж бодож байна.
–Хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байна?
-Нийт 70 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Үүний 30 гаруй мянга нь хоёр настнууд бол 40 орчим мянга нь гурван настнууд. Үндсэндээ, цэцэрлэгт 80 орчим хувийг нь л хамруулж байна. Гэхдээ энэ жил дөрөв, таван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулсан учраас хоёр настнуудын цэцэрлэгийн элсэлт харьцангуй буурч магадгүй. Цэцэрлэгүүдийн тухайд, хоёр настнуудаа элсүүлэх тооцооллоо гаргасны дагуу л хүүхдүүдээ хамруулна.
-Ирэх жил багш нарын цалин нэмэгдэх болов уу?
-Бид өмнө нь боловсролын хүртээмжийн асуудалд ихээхэн анхаардаг байсан бол энэхүү хандлагыг өөрчилж, чанарт анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзсэн. Тэр утгаараа сурагчийн, багшийн, сургуулийн чанар болон амжилтын дэвшлийг үндэслэж гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно. Боловсролын салбарын ажилтнууд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн авдаг цалин буурахгүй, харин хувьсах зардлын шинэ өөрчлөлтөөр урьд нь цалин дээрээ нэмж авдаг байсан орлого, үр дүнгийн урамшууллууд цалингийн нэг хэсэг болж нэмэгдэх бололцоо нээгдэж байгаа юм. Цаашдаа, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу шилжих болно.
-Ирэх жилийн төсөвт өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодогийг болиулах талаар тусгасан байсан. Энэ талаар тодруулна уу?
-Тийм ээ, хувьсах зардлын шинэчлэлээр боловсролын чанарт суурилсан үнэлгээний тогтолцоог нэвтрүүлэхийг зорьж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хүртээмж их ярилаа.Хувьсах зардлаар дамжуулж чанар, үр дүнд суурилсан гүйцэтгэлийн зардлыг олгох ёстой. Хувьсах зардал нь багш нарын цалин урамшуулал, байгууллагын урсгал зардалтай холбогддог байсан бол сургалтын орчин, багшийн хөгжлийн асуудал, хүүхдийн сурлагын ахиц дэвшилд л энэ мөнгийг зарцуулдаг болгохыг зорьж байна. Энэ чиглэл рүү бид өөрчлөлт хийж байгаа. Өмнө нь хувьсах зардлаар байгууллагыг санхүүжүүлдэг байсан. Харин одоо багш, сурагч, сургалтын орчинг сайжруулахад зарцуулагддаг болно гэсэн үг. Цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөхгүй. Тэр тусмаа жилийн 10 саяас дээш төлбөртэй сургуулиудад өгөхгүй. Энэ шинэчлэлийг УИХ-д өргөн барьсан хуулийн шинэчлэлээр хийнэ. Үүнтэй холбоотой Үндсэн хууль зөрчлөө гэдэг асуудал яригддаг. Гэхдээ 10 саяас дээш төлбөр авчихаад ахиад төрөөс хувьсах зардал авна гэж гоншигнох сургууль байхгүй болов уу гэж бодож байна. Өнгөрсөн жил бид өндөр төлбөртэй хувийн сургуулиудын хувьсах зардлыг хэмнэснээр гурав орчим тэрбум төгрөгийг хичээлийн хоцрогдол арилгахад зарцуулж эхэлсэн.