Өнөөдөр “Олон улсын охидын өдөр”
Яг одоо “БҮҮВЭЙ-БҮҮ АЙГ” Бөжингийн суултыг Сүхбаатарын талбайд Монголын эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулж байна.
2017-2021онд “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын гэмт хэрэг”-ийн хохирогч болсон 1125 охины төлөөлөл БӨЖИНГҮҮД суулт хийж байна.
Жилд дунджаар 300 гаруй хүүхэд буюу ерөнхий боловсролын сургуулийн 15 ангитай тэнцэх хэмжээний олон хүүхэд хүний ёсноос гажууд, байж боломгүй гэмт хэргийн хохирогч болж насан туршдаа бие махбодийн болон сэтгэл зүйн шархтай үлдэж байна.
Өнгөрсөн 5 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн насаар нь ангилахад 7 хүртэлх насны 96 хүүхэд, 8-13 насны 431, 14-17 насны 843 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Жил ирэх тусам хохирсон хүүхдийн тоо нэмэгдсээр байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 1323 эмэгтэй, 47 эрэгтэй хүүхэд байгаа юм. Энэ хэргийг үйлдсэн 1549 араатан эрэгтэй эсвэл эмэгтэй гэж ялгахгүй байгаа нь айдас төрүүлнэ.
Монголын мянга мянган ээжүүдийн үрээ айлгахгүй байлгах хүсэлтэй хамт энхрий бяцхан бөжингүүд ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨРӨӨ төв талбайдаа СУУЛТ хийж өөрсдийг нь хамгаалах хүсэлтийг хүргүүлж байна.
Хүний ёсноос гажууд, байж боломгүй хэрцгий адгуусны гарт жил бүр хэдэн мянган балчир охид бузарлуулж, олон хөвгүүд хохирч байгааг тэд танд ХОВЛОХ гэсэн юм.
Хаалттай хаалганы цаана бусдад мэдэгдэхгүй насан туршдаа хохирч, шаналж байгаа хэдэн мянган үрс аврал эрэн “ЧИМЭЭГҮЙ ХАШГИРЧ” байж мэднэ гэдгийг танд ойлгуулах гэсэн юм хэмээн зохион байгуулагч Монголын эмэгтэйчүүдийн холбооноос мэдээллээ.