Гэр хорооллынхон энэ өвөл “гал алдаж” мэдэх нь

2021-10-4 Нийгэм

Сэрүүхэн өдрүүд үргэлжилж, орон сууцныхан халаалттай байрандаа тухлан сууцгаана. Харин гэр хорооллынхон түлэх түлээгүй, сайжруулсан түлшээ авахаар шөнө дөлөөр ч дугаарлаж байгаа нь бодит үнэн. Тэгэхээр ийм байдал үүссэн нь хэний буруу вэ. Үнэндээ үүсээд буй нөхцөл байдал нь зүүн үйлдвэрийг нүүлгэнэ гэж таван сар үйл ажиллагааг нь зогсоосонтой холбоотой. Тиймээс л сайжруулсан түлш ховордож, хэрэглэгчдийн урт цуваа үүсэж буй юм. Тус үйлдвэрийг анх байгуулахдаа л ойр орчмынх нь хор нөлөөг тооцож, иргэдийнхээ аюулгүй байдлыг бодох ёстой байв. Гэвч ниргэсэн хойно нь хашиграв гэгчээр үйлдвэрээ нүүлгэх тухай ярьж, хэдэн сар хуралдаад ч тусыг эс олов. Харин ч бүр бэлтгэсэн түлшгүй, нийслэлчүүд ийнхүү өнөөдөр гал алдаж сууна. 

Өнөөдрийн байдлаар гэхэд л сайжруулсан түлшний нөөц өмнөх оноос 25 мянган тонноор бага байгааг холбогдох албаныхан хэлж байна. Гэвч энэхүү нөөцийг хэрхэн, яаж, хэзээ нөхөх вэ. Ядаж байхад зарим үйлдвэрийн ажилчид нь ажил хаяж, ажлын байраа тойрч гороолоод цагийн байдал нь ажин түжин. Одоо бас ч гэж нэг өрх дүн өвлийн хүйтнээс харьцангуй бага галлаж байгаа. Яг ес эхлэвэл үйлдвэрүүд хэрэглэгчдийнхээ галлах “хурд”-ыг гүйцэх эсэх нь үнэхээр эргэлзээтэй болох нь одоогийн нөхцөл байдал илтгэж байна.

Энд бас нэгэн зовлонтой асуудлыг дэлгэхэд, олдсон ганц шуудай түлшээ хэн дуртай нь очоод авчихаж болдоггүй. Соц нийгмийн картын барааны системээр хэрэглэгчдээ зардал чирэгдэл учруулах нь асуудалтай гэж. Зүй нь айл өрх бүрд түлшний карт олгож, хязгаартай олгодог. Гэхдээ тухайн карт нь байсан ч эзэмшигч нь заавал өөрийн биеэр ирэхийг шаарддаг. Энэ талаарх ганцхан жишээг цахим орчноос сийрүүлвэл,

“Сая болсон явдал шүү. Хөл муутай эмээ хамар хашааныхаа залуу хүүг гуйж нүүрсэнд бичиг баримтаа өгөөд явуулжээ. Залуу хэдэн цаг даарч хөрөн дугаарлаж байгаад нормын гурван шуудай шахмал түлшийг нь авч өгөх гэтэл заавал өөрийн биеэр ир гэж загнаад буцаад явуулсан байх юм”.

Үнэндээ ингэж тусгай карт олгож, хязгаарлалт тогтоосон нь үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Анх ганцхан үйлдвэртэй байхдаа гаргасан журам. Харин одоо зүүн, баруун гэсэн хоёр үйлдвэртэй болсон. Хэзээ болтол сайжруулсан түлш авахыг хүссэн хүн бүрд зарахгүй байсаар байх вэ? Орон сууцанд амьдардаг айлууд тагтан дээрээ хэдэн шуудайгаар нь нүүрс хураавал гэж. Хэн хэрэгтэй байгаа нь л түлш авна шүү дээ. Ядаж карттай бүхэнд эзэн нь мөн үү, биш үү гэж чирэгдэл болохгүй түлшийг нь өгдөг болмоор юм.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.